Түгжилдсэн С.Эрдэнэ дүрэм сахигч мөн бол АН задрах эхлэл

Түгжилдсэн С.Эрдэнэ дүрэм сахигч мөн бол АН задрах эхлэл

Ардчилсан намын задрал эхлэв үү? Ийм асуултыг улс төрийн хүрээнийхэн ам уралдан ярьж эхэллээ. Ардчилсан намын хувьд өнөөдөр нэр хүндээ өсгөх, эрх баригч намын алдаа дутагдлыг шүүмжлэх, асуудлыг сөхөж гаргах, хууль тогтоох баайгууллагад хяналт тавих, Засгийн газрын үйл ажиллагаанд чиглэл өгөх, бодлогоор зөвлөх, шаардлагатай бол алдааг засах арга хэмжээг авах зэргээр ажиллах учиртай.

Харин өс санасан мэт өөр хоорондоо хөлөө жийлцэж, "БИ" дарга гэсэн сэтэртэйгээ зууралдах нь энэ намын өнөөдрийн ажил биш. Нөгөө талдаа эрх баригч МАН-ын зодоонд хамт оролцож, хоорондоо шөргөөцөлдөх ч шаардлага тус намд байхгүй.

Зөвийг тунгааж, бурууг залруулах үүрэгтэй хүн бол АН-ын дарга С.Эрдэнэ.  Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа эхлэн л ил тод нээлттэй, гишүүдээ хазаарлаж, хавчдаггүй хэмээн өмөлздөг байв. Харин өнөөдөр энэ байдал биш болсон тухай тус намынхан ам уралдан ярьж эхэллээ.

Өчигдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн ёс зүйн хороо хуралдаж Ж.Батзандан гишүүнийг АН-аас 4 жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан гэнэ. Яагаад заавал Ж.Батзандан вэ?

Цагтаа нэг фракцын гэгдэж, АН-ыг гартаа авах аяныг С.Эрдэнэ даргатай хамт эхлүүлж явсан хамтрагч нь Ж.Батзандан гэхэд дэгстүүлсэн болохгүй. Учир нь хоёул Шонхор фракцын төлөөлөл. Шонхор фракц нь С.Эрдэнэ даргын нөлөөн дээр тогтож явдаг. З.Энхболд бол зөвхөн эхний ээлжинд чиглүүлэгч байсан хэмээн тус намын зарим гишүүд үздэг юм билээ. Харин Ж.Батзандан бол нам дотроо сүр үзүүлэх гэж л Шонхор фракцын гишүүн болсон гэх явган яриа ч чих дэлсдэг л юм. Аль нь ч байсан энэ хоёр эрхэм нэг фракцын гэх тодотголтой нь үнэн.

Харин өнөөдөр С.Эрдэнэ дарга дүрмээ сахиулж, шударга зарчим ярьж Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авчихав. Үнэхээр дүрэмд баригдаад ийм үйлдэл хийчихсэн үү? Эсвэл арай өөр бодлого гүйчихсэн юм биш биз гэж хардаж болохоор байна.

Ж.Батзандан бол УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн. УИХ-ын гишүүнээс улиран сонгогдсон улс төрч. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт ретинг өндөртэй улс төрч. Нөгөө талдаа Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд дэмжигчид Ж.Батзандан гэдэг хүнийг дагах, түүнд итгэл үзүүлдэг гэхэд болно. Энэ нь С.Эрдэнэ дарга дүрмээ сахиулах шалтгаан болчихсон юм болов уу?

Учир нь Баянзүрх дүүргийн АН-ын сонгууль будилаантай болж, асуудал дагуулсаар байгаа билээ. Тус намын сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ нөлөөлсөн. Нөгөө талааасаа өөрийнхөө хүнийн тус дүүргийн намын хорооны даргаар томилох гэж зүтгэсний улмаас анхан шатны намд хагарал үүссэн гэх тайлбар явдаг билээ. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл явц юм. Тус сонгуулийн үед С.Эрдэнэ даргын талын хүнийг дэмжээгүй, нөгөө талдаа намын анхан шатны байгууллагын хагалган бутаргах гэсэн гэх тайлбартайгаар Д.Пүрэвдавааг 10 сард АН-аас хөөсөн тухай дуулдаж байв. Харин 11 сард мөн л Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн, иргэдийн хурлын төлөөлөгч Т.Батцогтыг бас л намаасаа хөөсөн гэх яриа гарсан. Харин 12 сард УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөв.

Ийнхүү С.Эрдэнэ заавал Баянзүрх дүүргийн АН-тай хагарал үүсгэж, тус дүүргийн намын хорооны урдаа барьдаг нүүр царай болсон улс төрчдийг намаасаа ээлжлэн хөөж байгаа шалтгаан нь юу вэ?

Намын дарга гэдэг хүн анхан шатны намын байгууллагатайгааа уялдаа холбоотой ажиллах нь зөв. Гэхдээ уялдаа холбоотой ажиллах ёстой гэх үндэслэлээр зөвхөн өөрийнхөө халаасны хүнийг тус намын хорооны даргаар суулгана гэсэн үг биш. Харин ч чадалтай, мэдлэгтэй, нөлөөтэй, тухайн намын хороондоо нэр хүндтэй улс төрчөөр хариуцуулж, түүнийг ашиглан намын анхан шатны байгууллагаа өргөх ухаантай юм. Гэвч С.Эрдэнэ дарга тийм бодол тээгээгүй бололтой.

Баянзүрх дүүргийн АН-аас эхэлсэн тушаалаар зайлуулах, намаас хөөх алхам өөр бусад намын анхан шатны байгууллага дээр үргэлжлэх юм биш биз. Энэ байдлаараа АН явах юм бол 2020 оны сонгуульд хэд хуваагдаж орох эрсдэлтэй нүүр тулчихлаа.

МАН тарах нь гэж хөөрч явах хооронд АН бутарч дуусах нь байна. АН-ыг бутрах шалтгаан нь намын дарга С.Эрдэнэ болчихлоо хэмээн тус намын эгэл жирийн гишүүд халаглах болжээ.

Ж.Батзанданг намаасаа хөөх болсон шалтгаан нь У.Хүрэлсүхийн засгийн газрыг авч үлдэх дээр кноп дарсан явдал. Харин адилхан кноп дарсан Л.Болд, Д.Мурат нарыг нэр дэвших эрхийг нь хасч намдаа авч үлдэв. Үүний шалтгаан нь бүлэгтэйгээ үлдэхийн тулд чих зөөлөнтэй 2-ыг авч үлдэв.

С.Эрдэнэ дарга өөрийнхөө үйлдлийг мартчихаагүй л байгаа. 2014 онд Н.Алтанхуягийн танхимд сайд байсан түүний хувьд УИХ-аар Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэхэд мурьсан нэгэн. Уг нь танхимын сайд ирж санал өгч, танхимаа хамгаалах үүрэгтэй. Харин С.Эрдэнэ чимээгүйхэн бултаж, Н.Алтанхуягын засгийн газрыг унагаахад эс үйдлээрээ нөлөөлсөн билээ. Үүнийх нь дараа Алтан гадас фракцынхан Шонхор болон МоАХ фракцын гишүүдийг намаас хөөх тухай ярьж байхад бүгд л ухаарал хайрлаад өнгөрч байв. Харин өнөөдөр өөрийн нам бус, өрөөлийн намын засгийн огцруулсангүй гэж намаас хөөж суугаа С.Эрдэнэ дарга өөрийнхөө унах нүхийг малтаж эхлэв бололтой.