У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэхэд огцруулах нь зүйтэй хэмээх санал өгсөн БСШУС-ын сайд Б.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрсэн билээ.
Харин БСШУС-ын сайд Б.Цогзолмаа өргөдлөө өгөхгүй. Үзэл бодолдоо үнэнч үлдэнэ. Огцруулах бичигт УИХ-ын гишүүний хувьд гарын үсэг зурсан. Тэгсэн хэдий ч сайдын суудлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарчмаас хазайсан сайдад хариуцлага тооцож огцруулах шийдэлд хүрээд байна. Иймээс удахгүй уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
УИХ-ын чуулганаар БСШУС-ын сайдыг огцруулсны дараа хэн орыг нь залгах вэ? Ийм асуулт төрийн ордонд тэнэж байна.
Одоогийн байдлаар 2 хүний нэр хамгийн хүчтэй яригдаж байгаа гэнэ. Сү.Батболдын фракцын төлөөлөл болох УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хамгийн хүчтэй яригдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрыг хамгаалж үлдэх ажилд санаачлагатай оролцсон. Гишүүдтэй тулж уулзах, сэнхрүүлэх ажилд тэргүүн шугамд гүйсэн гэдэг үнэлгээ түүнийг дагаж байгаа гэнэ. Мөн Сү.Батболдын хувьд засагт нөлөөгөө тогтоохын тулд М.Оюунчимэгийг дэмжиж байгаа сурагтай.
У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авахаар гүйж байгаа хүн бол БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан юм. БСШУС-ын сайд асан О.Чулуунбаатар түүнийг ажлааас нь чөлөөлж байсан. Харин Б.Баярсайхан нь шүүхээр заргалдаж ажилдаа эргэн томилогдоод байгаа билээ. Түүний хувьд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар дэмжүүлж, У.Хүрэлсүхийн нөмөрт багтчих санаатай зүтгэж байгаа гэх мэдэээлэл дуулдаж байна.
Ийнхүү БСШУС-ын сайдын суудалд горилж байгаа хүмүүсээс хамгийн өндөр магадлалтай 2 эрхэм нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Түүний хувьд УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа билээ. Мөн БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар юм.