Хариуцлага хүлээж огцрох  хүн нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

Хариуцлага хүлээж огцрох хүн нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

УИХ-аас зургаан жилээр томилогддог цөөхөн албан тушаалтны нэг нь Монголбанкны ерөнхийлөгч. Монголбанкийг удирдаж байгаа одоогийн ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариуцлага хүлээж огцрох дараагийн албан тушаалтнаар тодрох магадлал өндөр байна. Учир нь валютын ханшийн өсөлтийг тогтоон барих боломжит арга хэмжээг шуурхай аваагүй гэх шүүмжлэл түүн рүү чиглэх болсон. Ялангуяа улс төрийн уур амьсгал ширүүсэж, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын зарим гишүүн тавиад байсан цаг үед валютын ханшийг зориудаар хөөргөдсөн байж болзошгүй ажээ.

Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Засгийн газрыг огцруулах акцыг далдуур дэмжиж, интервенц хийж валютын ханшийн өсөлтийг хазаарлаагүй эс үйлдлээрээ огцрох болзлоо хангасан гэж үзэх хүн цөөнгүй байна. Ерөнхий сайд шатахуун импортлогчид болон Монголбанкныхантай хэд хоногийн өмнө уулзахдаа хариуцлага тооцно гэдгээ шуудхан хэлсэн сурагтай.  Монголбанкны ерөнхийлөгчид Ерөнхий сайд шууд хариуцлага тооцох хуулийн боломж байхгүй ч эрх баригч намын даргын хувьд асуудал тавих боломж бол бий.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны 7-р сарын 21-нд өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал өөрөө өргөдлөө өгснөөр Н.Баяртсайханыг одоогийн албан тушаалд УИХ-аас томилж байв. Тухайн үед УИХ-ын дарга М.Энхболд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг санал болгож томилуулсан байдаг. Тийм ч учраас Засгийн газрыг огцруулах бослогыг алсаас удирдсан гэгддэг М.Энхболдыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан үйлдэл, эс үйлдлээрээ дэмжсэн байхыг үгүйсгэх аргагүй. Валютын ханшийн өсөлтийг сул чөлөөтэй тавих замаар улстөржсөн бол уучлах аргагүй үйлдэл болно.

Хуулиар бол Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын даргын санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Төв банкны тухай хуульд "Улсын Их Хурал Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг дор дурдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ:

 1/ арилжааны банкны хувьцаа эзэмшигч болсон;

 2/ Монголбанкны эрх ашигт харш үйлдэл /эс үйлдэл/ гаргасан;

 3/ биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг албан тушаалаас чөлөөлж өгөхийг хүссэн;

 4/ үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

 5/ гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон;

 6/ ашиг сонирхлын бусад зөрчил үүссэн" гэж заажээ.

Хариуцлага хүлээж огцрох дараагийн хүн нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан байх нь гэдэг яриа Төрийн ордонд түймэр мэт таржээ. Тун удахгүй Н.Баяртсайханд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын төвшинд гаргаж тавих нь ээ.

Б.Түвшинтөг