Монгол улсын засгийн газар, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн ард иргэдээр тоглож байгаа бас нэг үйл явдал нь энэ. Засгийн газрын хуралдаанаар нэг л их том гавьяа байгуулчихсан мэт дүр эсгэж, мэдээлэл өгсөн эрхмүүд нь УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар байв. Тэд удахгүй шатахууны үнэ 100 төгрөгөөр буурах болно хэмээн мэдэгдсэн.
УУХҮЯ -аас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа гэж дөнгөж сая УУХҮЯ-ны албан ёсны мэдээлэлд дурджээ.
Уг заалт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан байдаг. Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар буурах болно хэмээн салбарын яамнаас мэдэгдэж байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсөж байсан боловч энэ оны 10 сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.
Мөн ОХУ-ын “Роснефть” комданиас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92 автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш 706ам.доллар/тн болоод байна.
Шатахууны үнийг өнгөрсөн хугацаанд 500 төгрөгөөр нэмж түмэн олонд бэлэг барьсан. Барьсан бэлэгнийх нь горыг өнөөдөр олон түмэн амсч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Инфляци нэмэгдсэн нь эргээд харах юм бол сүр болж бууруулсан гэж шоудаж байгаа шатахууны үнийн өсөлттэй шууд холбоотой.
500 төгрөгөөр нэмж чадсан юм чинь 500 төгрөгөөр бууруулж чадах ёстой. Эсвэл шал худлаа шоудаж, сайрхаж суудгаа улс төрчид болих цаг болжээ. Тэдний цуурхал, цээжээ дэлдсэн хийрхэл нь хожим олон нийтийн нуруун дээрх санхүүгийн дарамтыг л өсгөдөг гэмтэй шүү дээ.
500 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй өргөн хэрэглээний барааны нэмэгдэл, бусад санхүүгийн дарамтыг хэн хэзээ арилгах вэ? Монгол улсад нэмэгдсэн шигээ буцаад буурдаг, хямдардаг тогтолцоо алга байна.