“Гоёл медикал”-ын С.ЭНХБОЛД: Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэдэг биз дээ
Бизнес хийнэ гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш. Тэр тусмаа гарааны хөрөнгөгүйгээр, ар гэр найз нөхдийн ямар ч дэмжлэггүйгээр тэгээс эхлэн хар толгойгоороо бүх саад бэрхшээлийг давна гэдэг тун бэрх. Яг ийм замаар явж бүгдийг өөрийн гараар бүтээсэн нэгэн бизнесмэн залуутай ярилцлаа. Тэрбээр “Гоёл медикал” гоо заслын эмнэлгийн захирал С.Энхболд юм.
-Олон олон бүсгүйн зорьдог гоо заслын эмнэлгийн хамт олныг эрэгтэй хүн удирддаг, тэр дундаа анагаах ухааны энэ чиглэлээс нэлээд хол, сэтгүүлч маркетингийн мэргэжилтэй залуу өдий хүртэл босгож авч явсан нь их сонирхолтой санагдлаа. Сэтгүүлч мэргэжилтэй хүн яаж яваад гоо сайхны салбар руу орох болов оо?
-Би сэтгүүлч мэргэжлээр сургуулиа төгсөөд телевизэд мэргэжлээрээ ажиллах болсон. Сэтгүүлчээ хийхээс гадна давхар маркетингаар ажилладаг байлаа. Ингэж ажиллах үедээ өөр ямар ажлыг би хийж чадах вэ гэж байнга эрэл хайгуул хийдэг байв. Сэтгүүлч нь миний хийх ажил биш гэж бодсо н гэх үү дээ. Ингээд тухайн үедээ миний хийж чадна гэж санаанд багтсан нь үсчин гоо сайхны салон ажиллуулах юм байна гэж шийдэв. Ингээд 2013 онд үсчин гоо сайхны салон нээсэн. 2013-2014 хүртэл нэг жил ажиллаад дараа нь арьс гоо заслын эмнэлэг болгон бизнесээ өөрчилсөн. 2016 оноос эмнэлэг маань эрүү нүүрний гажиг заслын эмнэлэг болон үйл ажиллагаа өргөжүүлж байлаа. Анх 3-4 хүнтэй, өөрөө угтагчаа, цэвэрлэгчээ гээд бүхий л ажлаа амжуулдаг байсан бол одоо манай эмнэлэг 20 гаруй эмч ажилтантай, хоёр салбартай болоод байна. Гэхдээ яг одоо ингээд танд яриад сууж байгаа шиг ийм амархан замналаар миний бизнес өрнөөгүй. Үсчин гоо сайхны салонаа нэг жил ажиллуулсны дараа дампуурч, нэг хэсэг ажил маань зогссон. Дахиад л шинээр бүхнээ эхлэж нэр, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөөд арьс гоо заслын эмнэлгээ байгуулж байлаа.
-Яагаад заавал энэ чиглэл рүү орохоор шийдсэн юм бэ?
-Ер нь би анх үсчин гоо сайхны салонаа нээх үедээ л алсдаа гоо заслын эмнэлэгтэй болно гэж төлөвлөсөн байсан юм. Таньдаг хүмүүстээ, найз нөхдөдөө ярихдаа ч өнөө салоныгаа эмнэлэгтэй болсоон гэж хэлдэг байлаа. Үсчин гоо сайхны салон маань дампуураад нэг жил болох хооронд судалгаа нэлээд хийсэн. Монголд арьс гоо заслын чиглэлээр ажилладаг салон, эмнэлэг олон шүү дээ. Тэднээс юугаараа ялгарах вэ, ямар бүтээгдэхүүн ашиглах вэ гэдгээс эхлүүлээд үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ талаас нь ч нэлээд ажиглаж судалсан. Монголд байгаа ихэнх эмнэлгүүд БНХАУ-аас эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөө оруулж ирж байсан учраас тэднээс ялгарахын тулд өөр улсын бүтээгдэхүүнийг гоо засалдаа ашиглах ёстой гэж бодож байлаа. Гадаадын энэ чиглэлийн эмнэлгүүдийг ч судалсан. Ингэж явахдаа БНСУ-ын ID гээд эмнэлэгтэй танилцаад Монголд яг ийм онцлог бүхий эмнэлгийг байгуулъя гэж шийдсэн юм. Ингээд БНСУ болон АНУ-аас албан ёсны эрхтэйгээр багаж тоног төхөөрөмжөө оруулж ирэхээр болсон. Одоо манай эмнэлэг БНСУ-ын LCL гээд гоо заслын эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг группийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Зүү тариур, бусад ашиглаж буй бүтээгдэхүүнээ монгол хүний арьсны онцлогт тохируулж LCL группт захиалан хийлгүүлдэг. Солонгос болон монгол хүний арьс өөр, тухайн хоёр орны цаг уур ч ялгаатай болохоор монгол хүнд тэр бүр тохирдоггүй юм л даа.
-Гоо заслын эмнэлэгтэй болсноос хойшхи үйл явдал бол ойлгомжтой. Харин энэ хүртэлх замыг Та товчлоод ярьчих шиг боллоо. Бизнесээ эхлэхдээ та яг хэдэн төгрөгтэй байсан бэ?
-Надад ямар ч мөнгө байгаагүй. Телевизийн сэтгүүлч хэдэн төгрөгийн цалин авдгийг та мэдэх байх. Тухайн үед 250 мянган төгрөгийн цалин авдаг байлуу даа. Энэ мөнгөө хоёр хувааж авна. Салон нээе гэсэн шийдвэр л гаргаснаас биш байрны түрээсийн мөнгө, байрандаа тавих тавилга, тоног төхөөрөмжийн мөнгө ч байсангүй. Банкнаас зээл ч аваагүй. Зүгээр л дан мөрөөдөл “тэвэрсэн” хүүхэд байлаа шүү дээ. Би аавтайгаа хоёулаа амьдардаг. Тиймээс гэрийнхнээсээ мөнгө гуйх ч боломж байгаагүй. Боломж байсан ч тийм үйлдэл би хийхгүй байсан байх. Ингээд үсчин гоо сайхны чиглэлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг газар дээр явж очсон. Өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй танихгүй хүн дээр явж очоод худалдагчтай нь 30 минут ярилцаад гурван сарын дотор буцааж төлөхөөр 10 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авч байлаа. Түрээсийн байрны эзэнтэйгээ бас ярилцаж тохироод түрээсээ нэг сарын дараа өгье гээд зөвшөөрүүлж чадсан юм. Ингэж л бизнес маань өөрөөсөө гаргасан нэг ч төгрөггүйгээр бусдын надад итгэсэн итгэл дээр суурилж эхэлж байсан.
-Өмнө нь уулзаж байгаагүй танихгүй хүндээ 10 сая төгрөгийн бараа зээлнэ гэхээр бас их итгэл байна шүү.
-Харин тийм. Иргэний үнэмлэхний минь хуулбарыг л авч үлдээд надад бараагаа өгөөд л явуулж байлаа. Би ч хэлсэндээ хүрч гурван сарын дотор зээлээ төлж чадсан. Одоо тэр хүн маань , чи яг л галзуу хүн шиг надад итгэчих гээд л дайраад байсан гэж ярьдаг юм. Бас нэг түүх ярья. Телевизэд ажиллаж байхдаа гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирсэн нэг компанитай хамтарч ажилласан юм. Түүх нь бас инээдтэй. Би тухайн хүмүүс дээр очоод надаар бүтээгдэхүүнээ заруулаач гэсэн санал тавьсан. Гэхдээ мэдээж надад тэднээс барааг нь худалдаж авах мөнгө байгаагүй. Би ч учраа хэлээд надад итгээд бараагаа өгч явуулбал борлуулах ажлаа би даана аа л гэлээ. Та нар сард хоёр бүтээгдэхүүн борлуулаад сууж байх уу, надад итгээд 100 хайрцгийг зарах уу гээд л тохиролцлоо доо. Тэд ч надад итгээд хайрцагтай бүтээгдэхүүнээ өгөөд л явуулсан. Батганы эсрэг бүтээгдэхүүн байсан юм. Ингээд телевизээрээ сурталчилгаагаа хийгээд өөрөө хүргэлт хийж тэр бүтээгдэхүүнийг 3 сарын дотор 800 хайрцгийг борлуулж чадсан. Би надад итгэж бараагаа зээлсэн энэ хоёр хүнтэйгээ одоо ч холбоотой, сайхан харилцаатай явдаг.
-Эндээс дүгнэхэд хүмүүсийн итгэлийг олтол ярих чадвар танд байдаг бололтой. Өөр ямар зан чанар бизнес хийхэд Таны давуу тал болсон бол?
-Ямарваа нэг ажил эхэлсэн л бол эцсийг нь заавал үзнэ гэж би зүтгэдэг. Шантрахгүй байхыг, урдах зорилгынхоо төлөө тууштай урагшлахыг хичээдэг. Энэ зан минь хэрэг болсон болов уу. Надад мэдээж санаагаар унах, хүнд хэцүү үе зөндөө л байсан. Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж байсан гэж дээр ярьсан даа. Тэр үед халаасандаа 200-хан төгрөгтэй. Түүгээрээ автобусанд суух уу, эсвэл тамхиа авч татаад алхаад хүргэлтээ хийх үү гээд зогсч л байсан. Өвөл байсан юм л даа. Тэгээд тамхиа авч татчихаад бараагаа үүрээд алхаад хүргэх газраа ирэхэд сахал үс нэл цан, мөс. Цан, мөсөө арилгаж унагачихаад л ордог байлаа. Одоо бол надад энэ их сайхан дурсамж санагддаг.
Би ер нь зөв л амьдрах юм бол амьдрал зөөлөн юм байна, амархан юм байна гэж боддог болсон. Надад буруу замаар ч гэх юм уу амар аргаар мөнгө олоод хялбархаан амьдарч болох юм байна гэсэн бодолтой явсан үе ч бий. Гэвч тэгж амьдрах юм бол тухайн үедээ л болоод байгаа юм шиг боловч яваандаа алдах юм байна гэдгийг ухаарсан. Залуусыг харахаар заримдаа өөрийн энэ мэдэрсэн ойлгосноосоо хэлээд өгчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Яагаад гэвэл надад алдсан, ухаарсан, унасан боссон, энэ бүгдээсээ юм ойлгосон тийм амьдрал байсан.
Монголд хийж бүтээе гэвэл бүх боломж бий. Хүмүүсийг ердөө хоёр төрөлд л хувааж болно. Нэг нь бизнесмэн буюу удирдагч, нөгөө хэсэг нь сайн гүйцэтгэгчид гээд. Аль аль нь өмнөх ажлаа сайн хийж байж ажил урагшилдаг. Өнөөдөр манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг. Энэ бол боломжийн, монголчуудын гадаадад ажил хийж байж авдаг цалин. Ажилтнаа сард ийм хэмжээний цалин авахуулахын тулд ажил олгогчийн хийх ажил, хариуцлага ч өндөр. Манай эмнэлгийн эмч, ажилтнуудын олонх нь залуу хүмүүс. Тэднийгээ ажлаа сайн хийх нөхцөл бололцоог удирдлагын зүгээс сайн хангах юмсан гэж би хичээж ажилладаг. Би өөрөө ч тэдэн шиг 20 гаруйхан настай, ахуй амьдралын бүхий л асуудлаа шийдэх гэж олон, олон сэтгэл санаа зовоосон зүйлтэй тулж явсан. Залуу хүн зүгээр л ажлаа сайн хийгээд орон байраа, унах машин тэрэг гэх мэт амьдралын наад захын хэрэгцээгээ хангаад санаа зоволтгүй амьдрах бололцоо одоогоор Монголд алга байна шүү дээ. Тиймээс ажилчдынхаа цалинг яаж нэмэгдүүлж болохоор байна гэдэгт би үргэлж анхаарч, бодож явдаг. Гурван сая төгрөгийн цалингаа 4 сая, бүр цаашлаад 5 сая болгочихвол хэчнээн сайхан. Би нэг хамт олныг зангидаж явдаг хүний хувьд эмч ажилтнуудаа орон сууцтай болгоход анхаарахыг хичээдэг. Энэ ажлынхаа эхлэл болгож энэ шинэ жилийн баяраар нэг ажилтандаа орон сууц бэлэглэнэ. Нэг жилд нэг ажилтнаа орон сууцтай болгохоор төлөвлөж явна.
Эргээд залуус маань тэр цалингынхаа хэмжээгээр ажилдаа чин сэтгэлээр ханддаг байх ёстой. Нэг зүйлийг хэлэхэд залуус маань ажлыг их голдог нь ажиглагддаг. Энэ бол буруу. Хүн насан туршдаа суралцах ёстой гэж надад санагддаг. Нэг мэргэжил эзэмшчихээд одоо би болсон гэж бодвол, пээдэлзээд эхэлбэл л буруудна. Энэ ажил чиний амьдралыг залгуулж байгаа, амьдарлын чинь баталгаа гэдэг үүднээс ажилдаа өөриймсөг хандах сэтгэл дутагдаад байх шиг. Би эмч хүн, яагаад энэ шалыг, тоосыг чинь арчих ёстой юм гэж хэлдэг хүн байдаг. Нэг талаас тэр хүний ч зөв байх. Гэхдээ энэ нь тухайн хүний хандлагыг харуулж байгаа л хэрэг. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүнийг бурхан шагнадаг гэж би боддог.
Манай эмнэлэг одоогоор мэсийн болон мэсийн бус аргаар эрүү, нүүр ам, гоо сайхны бүхий л үйлчилгээг үзүүлж байна. Ирэх онд эмнэлгийнхээ салбаруудыг нэгтгэн 5 давхар байранд төвлөрүүлж Монголд нэгдүгээрт орох гоо сайхны мэс заслын эмнэлэг болгох зорилготой ажиллаж байна.
-Таныг маркетингийн чиглэлээр компаниудад, бизнес эхэлж буй залууст зөвлөгөө өгдөг гэж сонссон?
-Би сүүлийн жил гаруйн хугацаанд компаниудад маркетингийн зөвлөгөө өгч лекц уншиж байгаа. Яг маркетингийн чиглэлээр сургууль төгсч мэргэжил эзэмшээгүй хүн. Гэхдээ маркетинг бол зүгээр нэг сургуульд сууж номыг нь үзээд л болчихдог салбар биш. Мэдрэмж их шаарддаг. Маркетинг нь хэр зөв барихаас тухайн компанийн хувь заяа хамаарна.
Хүмүүс маркетинг гэхээр л реклам зар сурталчилгаа явуулаад болчих юм шиг санадаг. Хийх ажлынхаа хамгийн нэгдүгээрт реклам зар сурталчилгааны баахан жагсаалт гаргадаг. Угтаа бол реклам зар сурталчилгааг хийх ажлынхаа хамгийн сүүлд тавих ёстой. Гадаадад энэ мэргэжлээр төгссөн нэг танил маань гэхэд огт ажиллаж байгаагүй, мэдэхгүй компанийнхаа маркетингийн талаар ингэж ажиллахад л болох юм байна гээд их л амархан зүйл шиг ярьж байхыг сонсоод би гайхсан. Би компаниудаас санал ирсний дараа тухайн компанийг судлаж байж тохирсон зөвлөгөөг өгөхийг хичээдэг. Огт мэдэхгүй газартаа зүгээр л онолын дагуу гэх юм уу мэдлэг баримтлаад ажиллаж болохгүй л дээ. Одоогоор би 150 орчим компанийн маркетинг дээр ажиллаад байгаа. Үүнээс гадна би 22 телевизэд маркетингийн мэргэжилтэн гэсэн давхар ажил эрхэлдэг. Энэ чиглэлээр зөвлөгөө лекц тавьж өөрийгөө минутаар худалддаг болсон нь миний хувьд нэгэн амжилт юм даа.
Эмнэлгийн тухай яриа руу буцаж ороё. Танай эмнэлэг ясны хагалгаа хийдэг цөөн эмнэлгүүдийн нэг. Гоо сайхны мэс заслын талаар хүмүүс янз бүрийн санаа бодолтой байдаг. Зарим нь эхээс төрсөн өөрийн гоо үзэсгэлэндээ гар хүрэхийг буруутгадаг бол нөгөө хэсэг нь өөртөө бяцхан засвар хийхийг зөвтгөдөг. Таны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?
Тухайн хүний л үзэл бодол учир энэ нь зөв, энэ нь буруу бодол гэхгүй. Би хувь хүнийхээ хувьд гоо сайхны хагалгааг заавал байх ёстой гэж боддог. Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэдэг биз дээ. Зүгээр нэг бусдад гоё сайхан харагдах үүднээсээ биш хагалгаа зайлшгүй шаардлагатай тохиодлууд амьдрал дээр олон байдаг. Гоо сайхны ийм хагалгаанууд хүмүүсийн өөртөө итгэх итгэл, цаашлаад амьдралын зорилго, үзэл хандлагад нь хүртэл сайнаар нөлөөлөх нь бий. Мэдээж хагалгаа гэдэг утгаар тодорхой хэмжээний эрсдэлтэй учир хамгийн гол нь эмнэлгээ, эмчээ л зөв сонгох нь чухал гэж л сануулмаар байна. Гоо сайхнаа, өөрийн нүүр царайгаа бусдад даатгаж мэс хүргэхээр шийдсэн бол мэргэжлийн эмч нарт, албан ёсны бичиг баримттай бүтээгдэхүүнд найдах нь зөв.
Одоогоор ямар хагалгаа танайд хамгийн их хийгдэж байна. Гоо сайхны хагалгаа хийлгэхээр манайхан гадагшаа их явдаг байсан бол одоо Монголдоо тэдгээрийг хийлгэх болж. Нэг эмчийн “бүтээл”-үүд төстэй царай төрхтэй болдог гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тухайд?
Нэг эмчээр үйлчлүүллээ гээд ижил төстэй царайтай болно гэж хэзээ ч байхгүй. Хүн бүрийн царайны төрх, ясны бүтэц өөр. Давхраа оёх хагалгаа хийлээ гэхэд тухайн хүний нүдний ухархай, нүд нь хөнхөр эсвэл бүлтгэр зэргээс шалтгаалаад өөр өөр болдог. Тэгэхээр энэ бол ташаа ойлголт.
Манай эмнэлэгт хамрын муруй засах, салст, таславчийн гэмтэл засах, давхраа оёх мэс заслууд түгээмэл хийгдэж байна.
Богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг филлер, ботоксыг эмнэлэг, гоо сайхны газрууд сүүлийн үед үйлчилгээндээ их ашиглаж байна. Ард нь алсдаа гоо сайханд сөрөг нөлөө үзүүлэхгүй боловуу гэсэн айдас байдаг. Ер нь дэлхий нийтэд хэзээнээс энэ тарилгуудыг ашиглаж байна. Үр нөлөөний талаар?
Ботоксыг гэхэд дэлхий нийтэд бол 1990-ээд оноос эхэлж ашиглаж эхэлсэн байдаг. Сүүлийн үед гоо сайхны газрууд эмнэлгүүд их ашиглаж байгаа болохоор хүмүүс үйлчилгээнд сүүлийн үед нэвтэрсэн гэж бодоод байх шиг байгаа юм. Уг нь бол гоо сайханд тарилгуудыг эхэлж ашиглаж байгаад дараа нь хагалгааг хийж эхэлсэн. Манайд одоогоор ботокс, филлер, нүүрний цасан цагаан тарилга, хуйхны тарилга гэсэн дөрвөн төрлийн тарилга хийж байна. Энэ бүх тарилгууд үйлчлэх тодорхой хугацаатай. Тэр хугацаа нь дуусахад арьсанд шимэгдээд алга болдог. Ямар ч сөрөг нөлөө байхгүй. Ботокс гэхэд байгалийн цэвэршүүлсэн уураг. Маш бага тун нь нүүрний үрчлээсийг үүсгэдэг идэвхитэй булчингуудыг сулруулдаг. Зөвхөн тарьсан тухайн хэсгийнхээ булчин л үйлчилнэ. Харин филлер бол хүний арьсны гүнд агуулагдаж байдаг гиалуроны хүчлийг агуулсан гелэн бэлдмэл юм. Филлер хийлгэхэд гиалуроны хүчил нь ус чийгийг татаж арьсыг чийгшүүлэн хөгшрөлтийг удаашруулдаг ач тустай. Хүнд өөрт нь хэрэгтэй уураг болж шингэдэг учраас ямар нэгэн сөрөг нөлөө байдаггүй.
Тарилга болгон өөрийн үйлчлэх хугацаатай гэж дээр хэлсэн дээ. Зарим тохиолдолд хүмүүс өмнөх тарилгын үйлчлэх хугацаа дуусаагүй байхад арьс бага зэрэг суларсан мэт санагдангуут нэмж хийлгээд байдаг. Үүнээс болоод зарим хүмүүст бага зэргийн сөрөг нөлөө гарах нь бий. Бүрэн шимэгдсэнийх нь дараа дахин хийлгээд байхад ямар ч сөрөг нөлөө байдаггүй. Бас тарилгын үйлчилгээ гарсахад өмнөхөөсөө ч илүү үрчлээтдэг гэх ташаа ойлголт зарим хүнд байдаг юм шиг байгаа юм. Энэ нь худлаа. Тарилга хийлгэхээс өмнө ямар байсан тэр хэмжээндээ л үрчлээтэй байна.
Хамгийн гол нь эдгээр тарилгыг мэргэжлийн гоо заслын эмчээр тариулаарай Сайн мэдэхгүй, мэргэжлийн бус хүн тарьснаар буруу газар нь хатгах, судас бөглөх , хөмсгийг дээр дор харагдуулахаар тарих гэх мэт алдаа гаргасан байдаг. Мөн нэгэнт гүн суусан үрчлээ арилдаггүй тул үрчлээг дөнгөж сууж эхлэх үед нь аль болох эрт тарилга хийлгэвэл илүү үр дүнтэйг мэргэжлийн эмч нар сануулдаг.