УИХ-ын нэр бүхий 10 орчим гишүүн ЖДҮ-ийн зээл авсан гэдэг нь тодорхой болоод байгаа. Мөн уг зээлийг олгодог эрх бүхий албан тушаалтан буюу ХХААХҮ-ийн сайдын алба хашиж байсан Б.Батзориг гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг.
Харин өнөөдрийн байдлаар уг хэрэг ямар шатанд яваа. Хэрэг шалгалтын ажил хэрхэн урагшилсан талаарх мэдээлэл алга байна. Монгол улсын Ерөнхий прокурорын зүгээс Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлж эрүүгийн хэрэгт шалгах хүсэлтийг УИХ-д оруулж байсан. Харин УИХ-ын гишүүд Б.Батзориг гишүүнийг өмгөөлөн авч үлдсэн билээ.
Харин өнөөдөр 20 гаруй гишүүн ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон гишүүдийг бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзах хүсэлтийг илэрхийлж, уриалж эхэллээ. ЖДҮ-ийн зээл авч уучлал гуйсан нэгэн байхад, уучлал гуйх шаардлага байхгүй хэмээн ярьж байгаа ч гишүүн байна. Иймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдаж, асуудлаас мултрах арга хайх нь зүйд үл нийцнэ. Харин үүний оронд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээсээ сайн дураараа татгалзаж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн хэргээ шалгуулах хэрэгтэй.
Ингэхгүй бол ЖДҮ-ийн зээлийн асуудал дуусахгүй хэмээн Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд ярьж байна.