М.Энхболдыг огцруулах эсэх асуудлыг МАН-ын бага хурлаар хөндөх гэнэ

М.Энхболдыг огцруулах эсэх асуудлыг МАН-ын бага хурлаар хөндөх гэнэ

УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох тухай яриаг эхлүүлээд чамгүй хугацаа өнгөрөв. Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацааж, М.Энхболдыг өргөдлөө өгч, ажлаасаа татгалзах хүртэл нь улсын их хуралд суухгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболдын хувьд хууль зөрчсөн үйлдэл байхгүй, УИХ-ын даргын хуулиар олгосон эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлж байгаа. иймд ажлаа өгөх шалтгаан алга хэмээн тайлбар өгсөн. харин өөрийг нь буруутгаж байгаа 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгох тухай ярианы хувьд оролцоогүй гэж гүрийсээр байгаа билээ.

Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буулгах акцыг МАН-ын бага хурал дээр үргэлжлүүлэхээр болжээ. Ингэхдээ 60 тэрбумын хэргээс болж МАН 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн. Мөн сүүлд өрнөж байгаа бүх улс төрийн тогтворгүй байдал үүнээс үүдэлтэй. Иймд 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг МАН-ын гишүүнчлэлээс хасах, цаашлаад МАН-ын нэрийн өмнөөс албан тушаал хашиж байгаа бол албан тушаалаас нь буулгах арга хэмжээг авахаар шийдэх гэж тохирчээ.

Ингэсэн нөхцөлд УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын гишүүнчлэлээс хасах, мөн НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг бас МАН-ын гишүүнчлэлээс хасах яриа үүсч болзошгүй гэх яриа гарч байна. Харин МАН-ын бага хурлын төлөөлөгч нарын хувьд М.Энхболд, Ц.Сандуй нарыг намаас хасах гэдэг ойлголт огт байж болохгүй. Харин 60 тэрбумын яриа болсон эсэхийг нягтлах, баттай нэг шийдэлд хүрэх, УИХ дээр нээлттэй сонсгол явуулах нь зөв гэсэн тайлбарыг өгөх болжээ.

Харин М.Энхболдын талынхан МАН-ын бага хурлаар ЖДҮ-ийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нартай хариуцлага тооцох тухай яриаг илүүтэй өрнүүлэхээр зэхсэн байна.

МАН-ын бага хурал 2018 оны 12 сарын 19 өдөр болохоор тов нь зарлагдаад байна. Уг хурлаар УИХ дахь МАН-ын 64 гишүүний хуваагдлыг нэг талд нь гаргах, эсвэл бүүр задрах гэсэн талцалд хүрч болзошгүй гэж улс төрийн хүрээнийхэн таамаг дэвшүүлээд байна.