Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн прокурорт хүргүүлсэн саналын дагуу Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татсан тухай мэдээлэл хэвлэлээр гараад байсан билээ. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй, мөн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү ялагдагчаар татаад байгаа гэнэ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж дүүгийнхээ хувийн компанийн дансаар төрийн мөнгийг оруулсан нь гэмт үйлдлийн шинжтэй байж болзошгүй гэж Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс үзээд байгаа юм.
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 сарын 18 өдрийн хуралдаанаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Мөн үүгээр зогсохгүй хилийн хориг тогтоох шийдвэрийг гаргасан байна.
Харин цагдан хорьж, хэргийг шалгах тухай шийдвэрийг гаргаагүй гэдэг мэдээллийг эх сурвалж өгч байна.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь 1000 хуучин вагоныг ОХУ-аас худалдан авч, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх ярианд мөн нэр холбогдоод байгаа билээ. Үүний зэрэгцээ бусад асуудал ч уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг ОХУ-ын талтай зөвшилцөж тавьдаг. Иймээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд эхний ээлжинд түр орлон гүйцэтгэгчийг Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар томилох ёстой. Харин Д.Жигжиднямаагийн оронд томилогдох хүнийг ОХУ-ын талтай зөвшилцөн шийдвэрлэх юм. Гэтэл уг ажлыг гардан гүйцэтгэх ёстой хүн болох Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачихаад байгаа. Иймээс цаг давчуу нөхцөлд асуудал шийдэгдэх янзтай.