УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлага тавьсан Л.Оюун-Эрдэнэ гишүүний тэмцэл хагас жилийн нүүр үзэх гэж байна. Түүний хувьд өнгөрсөн хаврын чуулганы сүүл хэсгээс эхлэн 60 тэрбумын хэрэг, түүнд нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой гэх шаардлага тавьж эхэлсэн.
Хууль тогтоох дээд байгууллагын даргыг огцруулах 5 үндэслэл байдаг. Энэхүү үндэслэлийн хүрээнд огцруулах нөхцөл, боломж өнөөдөр алга. Үүнийг хууль эрх зүйн хүрээний бүх хүн хүлээн зөвшөөрч байна. М.Энхболдын хувьд өөрөө өргөдлөө өгчихөнө гэж хүлээх нь бүтэхгүй. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд өргөдлөө өгөхгүй, өнөөдөр цаг нь биш гэдгийг МАН-ын бага хурлын дараа хийсэн мэдэгдэлдээ тэрээр өгүүлчихсэн.
Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл ажлаа хийхгүй гэж УИХ-ын 40 гишүүн мэдэгдчихээд байгаа билээ. Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүдийн хувьд 2018 оны 12 сарын 18ны өддрөөс хойш ажлаа хийсэнгүй. Харин албан тушаалаа өг гэж УИХ-ын дарга М.Энхболдыг шахах ажлаа л өдөр бүр хийж байна.
Дээр өгүүлсэнчлэн УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх 5 үндэслэл хуульд бий. Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан 5 үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Үүнд:
- Нас барсан;
- Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан;
- Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
- Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд асуудлыг хэлэлцдэг. Энэ хуулийн заалт хэрэгжих боломжгүй учир УИХ-ын 40 гишүүний шаардсан шаардлагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар М.Энхболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх боломжгүй хэмээн УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр шийдчихэв.
Үндсэн хуулийн цэц дээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ хуулийн салбарынхан ийм боломж алга гэдгийг хэлж, бас яриад байгаа.
Үүнийг мэдсэн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд М.Энхболдыг огцор гэж маргааш жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна. Хууль батлах, хууль хэрэгжүүлэх талд анхаарах ёстой УИХ-ын гишүүд нь УИХ-ын даргыг огцруулахын тулд хууль бус арга хэрэглэж байгааг дэмжих арга алга. Харин үүний оронд хууль эрх зүйн хүрээнд М.Энхболдыг огцруулах боломжийг хайх учиртай юм. Үүнийг Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин зөвлөөд авчээ.
Үнэхээр л УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах чин хүсэлтэй бол хуулийн хүрээнд гарц, гаргалгааг хайх учиртай юм. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олонхиороо батлах боломж 40 гишүүнд байна. 75 гишүүний 40 нь үнэхээр л нэгдэж чадсан бол УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын даргыг огцруулах боломж бас байна. Үүнийг хэрэгжүүлэхгүй, зөвхөн хүмүүсийг уриалж, нийгмийн хагаралдуулж, асуудлыг хэт дэвэргэж байгаа тэмцлийн арга хэлбэр чинь буруу байна гэдгийг хууль зүйн салбарынхан зөвлөөд эхэллээ. Хууль тогтоох дээд байгууллагын нэр төр, алдар хүндийг бодож байвал гудамжны тэмцлийг бус хуулийн шинэчлэлийн тэмцлийг сонгох цаг болсон гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ухаарах хэрэгтэй.
М.Энхболдыг огцруулах тал дээр олон нийт хоёр гараа өргөн дэмжиж байна. Харин энэ дэмжлэгийг хууль бус аргаар бүү дэвэргэ.
УИХ-ын чуулган хуралдаж эхэлсэн нөхцөлд ЖДҮ-ийн зээлийн асуудлаар зарим гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал орж ирнэ. Ингэхээр санал бэлдсэн гэдгийг Улсын Ерөнхий прокурорын газраас мэдэгдчихээд байгаа билээ.
Нэг сумаар хоёр туулай гэгчээр УИХ-аар жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан гишүүдийг ч хэлэлцэж, УИХ-ын даргыг огцруулах хуулийн боломжтой заалтыг ч оруулах нөхцөл бүрдэх юм. Ийм гарцыг дэмжиж байгаа олон нийт их гэдгийг санах хэрэгтэй.