Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр нэгэн шийдвэр гарсан нь нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг чөлөөлсөн явдал юм. Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын хувьд нийгмийн сүлжээнд дэмжлэг өндөртэй нэгэн. Мөн хэвлэл мэдээллийн салбарынхантай ойлголцож ажиллаж байсан юм.
Б.Энхбаярын хувьд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан билээ. Энэ хүрээндээ нийгмийн сүлжээний дэмжлэг өндөртэй иргэд, мөн хэвлэл мэдээллийн байгуулллагын төлөөлөлтэй нягт уялдаа холбоотой ажиллаж байв. Энэ хүрээндээ талуудтай ойлголцож, шийдэлд хүрэх гарц, гаргалгааг эрэлхийлж байсан юм.
Гэвч хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын шийдвэр гарчээ. Үүнийг нь эсэргүүцэх хандлага нийгмийн сүлжээнд хүчтэй өрнөж байна.
Нөгөө талдаа энэ нь Засгийн газар, түүний тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хасах оноо болон очих нь гарцаагүй.
У.Хүрэлсүхийг чимхэж, бас ухааруулах хэмжээний зөвлөгөөг өгч байсан хүмүүсийн нэг нь Б.Энхбаяр. Түүний хувьд УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстойг гишүүдэд анхааруулж байв. Мөн МАН-ын бага хурал нь УИХ-ын даргыг огцруулах тухай ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн ямар ч тохиолдолд хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхэд нам буюу нэгэн Төрийн бус байгууллага үл оролцож болно гэсэн зарчмийн байр суурьтай гэдгээ хэлж байсан юм.
Энэ бүхэн нь МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд таалагдаагүй юу? Хэрэв тийм шалтгаанаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярыг ажлаас нь чөлөөлсөн бол тун харамсалтай байна. Харин ч шударга нэгнийг хажуудаа авч, түүний дэмжлэгийг өөртөө татах нь лидер хүний шинж. Харин өөрийг нь шүүмжилсэн, зарим үйлдлийг нь буруутгасан нэгнийг өөрөөсөө түлхэж, хөөх юм бол ирээдүйн замдаа сэв суулгаж, өөрийнхөө холын замыг богиносгож байх талтай. Иймээс У.Хүрэлсүхийн энэ удаагийн шийдвэр зөв биш буруу байж болох юм.