Улсын Их хурлын хуралдаан болохгүй саатсаар байна. УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр ч хуралдсангүй. Учир нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн 40 гишүүний үйлдэл хуулийг гууль болгох алхам болчихжээ.
Уг нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гэж байгаа үйлдэл нь зөв гэж түмэн олон таашааж байна. Гэвч арга хэлбэр нь арай биш гэдэг дээр одоо зарим иргэд санал нэгдэж эхэллээ. Учир нь утга учиргүй боекойт хийсэн нь эргээд хулийн засаглалыг уландаа гишгэх болов.
Үүний хоёр том баталгаа нь Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой хуулийн заалт юм.
УИХ-ын нэгдсэн чуулганаар буюу 2018 оны 11 сарын 06-ны өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөлсөн билээ. Үүнээс хойш тус салбар сайдгүй. Тус салбарын ажил зохицуулалтгүй явж байна.
Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байдаг.
Гэтэл ийнхүү хуулийн заалт байсаар байхад УИХ-ын чуулганаар дараагийн сайдыг томилж чадахгүй өнөөдөртэй золгов. Эхний ээлжинд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг шийдэх гэж удсан. Харин дараа нь 40 гишүүний үйдлээс болоод хойшилчихоод байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Б.Цогзолмааг огцруулах, харин Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнийг шийдэх ёстой газар нь УИХ. Гэтэл бас л энэ асуудал хойшлогдож хууль зөрчөөд байна.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 39.1-т “Ерөнхий сайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, түүнчлэн мөнхүү шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Засгийн газрын гишүүний саналыг Улсын Их Хуралд оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана” гэж заасан байдаг.
БСШУС-ын сайд Б.Цогзолмааг огцруулах эсэх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцчихсэн. Одоо зөвхөн УИХ-ын нэгдсэн чуулганаар л ярилцах ёстой юм. Гэтэл энэ асуудал хойшлогдсон хэвээрээ л байна. Уг нь байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг 7 хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах учиртай.
Ийнхүү УИХ-аар хэлэлцэх ёстой олон асуудал шил шилээ даран хүлээгдэж байна. Үүн дотор засгийн газрын сайд томилох чөлөөлөхтэй холбоотой заалтууд хуулийг зөрчсөн хэвээрээ. Үүнийг шийдэх гарч нь УИХ-ын чуулган хуралдах.
Мэдээж хэрэг уг хуралдааны дараа М.Энхболдыг хуулийн хүрээнд огцруулах асуудлыг шийдэх ёстой гэдэг байр суурийг зарим эрх зүйн мэргэжилтэнгүүд илэрхийлж эхэллээ.