Баянзүрх дүүргийн 22-р хорооны тоот хаягаас 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 цаг 30 минутад дүүргийн нэгдсэн эмнэлэгт 3 настай хүүхэд ухаангүй ирж хэвтэн эмчлүүлж байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад Г, Л нар хажуу айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ ууж байгаад орхисон улаан дарсны үлдэгдлийг 3 настай хүүхэд нь ууснаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар хүүхдийн хордлого тайлагдсан, биеийн байдал хэвийн болсон тул эмнэлгээс гарсан, харин хүүхдийн ээж “Л”-ийг ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 6.20-р зүйлийн 9 дэх хэсэгт заасан “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХ” Хүүхдийн бие мах бодит халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно “ гэсэн заалтын дагуу 300,000 төгрөгөөр торгож, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд “Хүүхдийнхээ дэргэд тэмдэглэж байгаа баяр бүрийг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэж байх”-ыг уриалсан байна.