Н.Жаргалцэцэг: 2018 оны баримтаа энэ сарын 08-ны дотор бүртгүүлж, урамшууллаа авах боломжтой

Н.Жаргалцэцэг: 2018 оны баримтаа энэ сарын 08-ны дотор бүртгүүлж, урамшууллаа авах боломжтой

НӨАТУС-ийн буцаан олголтыг жил бүрийн нэгдүгээр улиралд буцаан олгохоор хуульд заасан байдаг. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс тодрууллаа. 

-Нэгдүгээр сарын 08-ны дотор 2018 оны баримтаа бүртгүүлэх шаардлагатай гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар тод­руу­лахгүй юу? 

-Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өрт­гийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар ал­бан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах гурван шаардлагыг хан­га­сан байх ёстой. Тодруулбал, ал­бан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худал­дан авсан тухай бүр худал­дан авалтаа нотолсон төл­бө­рийн баримтыг цаасан эс­хүл цахим хэлбэрээр авсан байх, төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 08-ны дотор бүртгүүлэх хэрэгтэй. Энэ өдрөөс хойш бүртгүүлбэл тухайн баримт “ААН илгээ­гээ­гүй” гэсэн төлөвт орчихдог. Яагаад гэвэл буцаан олголт ирэх оны нэгдүгээр сарын 08-наар тасалбар болон хаагд­даг. Дээрх хугацаанаас хойш ун­шуул­сан баримтын урам­шуу­лал бодогдохгүй гэсэн үг. Түүнчлэн иргэд буцаан ол­гол­тоо авах Монгол Улсад бүрт­гэл­тэй банк, дансны дугаар зөрүү­тэй мэдээллийг 15 хоно­гийн дотор засварлахаас гад­на хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утас­ны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг иргэн өөрөө хариуцах үүрэгтэй юм.

-ААН илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй гэсэн барим­туу­даа хэрхэн засах ёстой вэ? 

-Иргэдийн хувьд бүртгэлийн мэдээллээ алдаагүй болгож засварлах, мөн үнийн дүн зөрүүтэй болон ААН илгээгээгүй төлөвт байгаа баримтуудаа засварлаж, дахиж бүртгүүлэх шаардлагатай. ААН илгээгээгүй төлөв нэлээд олон шалтгаантай. Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа нэгдсэн системд илгээгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний баримтыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөвтэй байвал тухайн бай­гуул­лага мэдээллээ ирүү­лээгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог.

Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаачихдаг. Тэгэхээр татвар төлөгч бизнес эрхлэгч маань энэ барааг буцаасан гэдэг үүднээс буцаалтаар тэм­дэг­лэ­дэг. Үүнээс шалтгаа­лан баримт дээр нь ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Тэгэхээр ААН илгээ­гээ­гүй гэсэн төлөвтэй барим­тыг нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар шалгах, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ шалгах гэсэн сонголтоос баримт тань байвал дахин дав­­таг­­даш­­гүй төлбөрийн дугаа­­раар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирнэ. Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана. Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI00000000 дугаартай баримт өгдөг.

Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болон үнийн дүнгээр бүртгүүлснээр баталгаажна. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Е-баримттай холбоотой хамгийн их ханддаг асуудал нь www.ebarimt.mn  сайтад нэвтрэх код, нууц үгээ мартсан гэх явдал. Тэгвэл энэ асуудлыг шийдэх хялбар гарц байгаа. Тодруулбал, та www.ebarimt.mn сайт болон апп-д нэвтрэх код, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой. Хэрэв бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол бүртгэлтэй и-мэйл хаягаараа сэргээж авах хэрэгтэй. Гар утас, и-мэйл хаягаар авах боломжгүй бол Улаанбаатар хотод Драгон, Мишээл, Дүнжингарав үйлчил­гээний нэгдсэн төвд Татварын нэгжид, хөдөө орон нутагт бол харьяа Татварын албандаа бичиг баримттайгаа очиж нууц үг, нэвтрэх кодоо авахыг зөвлөж байна.

-Татварын албанаас сэ­рэмж­лүүлэг гаргасан байсан?  

-Сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /Facebook/-ээр цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарч байгаа. Тиймээс  https://ebarimt.mn/-д бүртгүүлсэн өөрийн  нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлье.