Амьдралынхаа төлөө зүтгэж байгаа иргэдээ ад үзсэн шийдвэрийг Нийслэлийн засаг дарга С.Батболд гаргасан. Түүний уг шийдвэр нь Хотын гудамжинд байрлах ТҮЦ-ийг нураах юм. Нийслэлийн засаг даргын А/863 тоот захирамж нь зөвшөөрөлгүй гэх ТҮЦ-ийг албадан нүүлгэх юм. Үүний улмаас Улаанбаатар хотод байрлаж байгаа 1132 ТҮЦ-ний 80 хувийг нураах юм. Үүнийг эсэргүүцэж иргэд гомдлоо мэдүүлж байгаа ч Нийслэлийн удирдлага огт сонсохыг хүсэхгүй байна. Гэтэл ТҮЦ-ээ нураалгаж байгаа иргэдийн хувьд өмнөх Засаг даргын үед уг ТҮЦ-ийг 5-10 сая төгрөгөөр худалдан авчихсан байдаг. Ихэнх нь орох орон, оочих аягаа барьцаанд тавьж уг ТҮЦ-ийг худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа.Гэтэл эхнээсээ ТҮЦ-ээ нураалгахгүй гэж хамгаалсан иргэд гэмт хэрэгтэн болж шалгагдаж эхэлжээ. Тодруулах юм бол 2017 оны 01 сарын 05-ний өдөр гарсан гэмт хэргийн мэдээллийн бүртгэлд дараах хэрэг бүртгэгджээ.
БЗД-13 “14-р сургуулийн хойно байрлах ТҮЦ-ийг 01-р сарын 05-ны өдөр 16:00 цагийн үед “Нийслэлийн засаг даргын А/863 тоот захирамж”-ийн дагуу албадан нүүлгэх үед БЗД-14 хороонд суух Д /эр.44н/-нь Дүүргийн газрын албаны даамал БЗД-28 хороонд суух О /эр.37н/-ыг зодож танхайрсаныг БЗДЦХ-1 шалгаж байна.
Ийнхүү иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй хэрнээ иргэдийнхээ халаасыг тэмтэрч байгаа нь 1132 айлын амьдралыг бужигнуулж эхлээд байна. Үр хүүхдээ тэжээх гэж, өөрийнхөө амьдралыг болгох гэж зүтгэсэн иргэн ийнхүү гэмт хэрэгтэн болж ТҮЦ ч үгүй, ажил ч үгүй, амьдрал ч үгүй болчих вий дээ. Харин Нийслэлийн засаг дарга С.Батболд та Хотын иргэнийхээ төлөө биш хэний төлөө ажиллаж байна вэ?