ЖДҮЧИД ба ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

ЖДҮЧИД ба ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

Парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан ЖДҮ-гээс зээл авсан асуудал өнөөдөр ч улс төр, эдийн засгийн дуулиан хэвээр байгаа.  ЖДҮХС-аас зээл хувьдаа авсан гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцож хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэдгийг олон нийт удаа дараа шаардаж буй. Улсын ерөнхий прокурорын газраас ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Г.Солтан, О.Батнасан, Я.Содбаатар, Б.Ундармаа Х.Болорчулуун болон ЖДҮХС-гаас зээл авсан бусад төрийн өндөр албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгаа аж.

Түүнчлэн Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Холбогдох хуулийн дагуу прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн хэлэлцэн шийдвэрлэнэ.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН НЭРС:
1. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
2. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,
8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан "Мийт экспорт интернэшнл" ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг "Мондем" ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байна.


ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:
1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг,
7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы "Баяр плант ХААБ" ХХК," Капиталфактори", "Эм Эм Жи капитал" (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус  албанд томилогдсон) Ш.Хонгорзулын "Хосбогд Агро" компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,
9. "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий "Бат ган агро" ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байна.

ЖДҮЧДЭД ӨГСӨН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ЮУ БОЛОВ

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт ямар байгааг танилцуулъя. ЖДҮХ-сангаас нийтдээ 94 тэрбум төгрөг гарснаас одоогийн байдлаар 30 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгдсөн болохыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдэгдсэн.Үлдсэн мөнгийг хэзээ төлөх нь тодорхойгүй байна.

2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Ундармаа Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, О.Батнасан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү болох У.Давхарбаяр нар зээлийнхээ тодорхой хэсгийг зэрэг төлсөн байна. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх үүргийг Ерөнхий сайд тодорхой хуулийн хугацаатай өгсөн.  УИХ-ын гишүүн А.Сүхбат 140 сая, Н.Батнасан 150 сая төгрөгийг төлсөн байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүү нь зээлээ төлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Харин Ерөнхий сайдын дүү У.Давхарбаяр 1.3 тэрбумын зээлээсээ 100 сая төгрөг төлжээ.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг нар зээлээ төлөөгүй байгаа гэнэ.

ЖДҮХС-ГИЙН ШИЛЭН ДАНСАНД БҮРТГЭГДСЭН, ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙСЭН АЖ АХУЙ НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ:
1. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий “Газар буудай” компани 950, 858,904 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн. Мөн Ж.Энхбаярын хамаарал бүхий "Газар агро" ХХК 1,943,226,511 төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлж барагдуулжээ.
2. "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаагийн “Их Улс” ХХК зээлийн төлбөрт эхний удаад 120,000,000, дараа нь 17,800,000 төгрөгийг тушаасан байна.
3. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн "Доктор МЭИК" компани ЖДҮХС-гаас 700 сая төгрөг авсан байсан бөгөөд 800,960,000 төгрөгийг зээл, хүүгийн төлбөрт төлж дуусгасан байна.
4. ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнийн эхнэр Болортуяагийн “Рич холдинг” ХХК 400,558,905 төгрөг төлж зээлээ хаажээ.
5. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК-ийн 1,2 тэрбум төгрөгийн зээлийг төлж дуусгасан. Мөн “Ти Эс Эм” ХХК 803,261,900 төгрөгийн зээл төлсөн байна.
6. УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү болон түүний эхнэрийн "Түгээмэл түмэн хишиг" компани 800 сая төгрөгийн зээл авсан. Үүнээс 140,210,000 төгрөгийг төлсөн байна.
7. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээжийн "Спа цогцолбор" компани 700 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд одоогоор зээлийн төлбөр болох 15,494,000 төгрөгийг төлсөн байна.
8. УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн "Монгол шаазан" ХХК-ийн 951,327,397 төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлсөн.
9. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Тайшир өргөө" ХХК-ийн 291,893,056.82 төгрөгийг зээл, зээлийн хүүний төлбөрт төлсөн.
10. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүү "Рэд Стар" ХХК нь 732,100,000 зээлээ тус тус төлжээ.

"Бид Уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын нэр бүхий 12 гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан. Уг мэдээллийн хариуд ҮХЦ “12 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас давхар шалгах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

 

эх сурвалж:news.mn