Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “САР ШИНЭ - 2019“ аяныг зохион байгуулж байна
Улсын хэмжээнд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг сүүлийн 10 жилийн хугацаанд /2008-2017 онд/ 77068 бүртгэгдсэний 30727 буюу 39.9 хувь нь орон нутагт, 46017 буюу 59.7 хувь нь нийслэлд бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 31.8 хувийг эзэлж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг сүүлийн 10 жилийн дунджаар авч үзвэл жилд 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2019 оны 01.07-02.07-ны өдрүүдэд "Сар шинэ - 2019" аян зохион байгуулж байна.
Хулгайлах гэмт хэргийг сүүлийн 10 жилийн байдлаар төрлөөр нь авч үзвэл:
Иргэдийн өмчийн хулгай 55.711 буюу 72.3 хувь,
Мал хулгайлах 12.169 буюу 15.8 хувь,
Автомашины хулгай 2189 буюу 2.8 хувь,
Халаасны хулгай 3639 буюу 4.7 хувийг эзэлж байна.
Дээрх хугацаанд хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 128.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 49.6 тэрбум буюу 38.6 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 13.3 тэрбум буюу 10.3 хувьтай тэнцэх хэмжээний эд хөрөнгө битүүмжилсэн.
Улсын хэмжээнд 2018 онд 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12,328 буюу 34 хувийг буюу 3 хэрэг тутмын нэгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хулгайлах гэмт хэргийн 77 хувь нь Нийслэлд, 23 хувь нь орон нутагт үйлдэгдсэн. Үүнээс:
Хувийн өмчийн хулгайн гэмт хэрэг 10.365 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 423 буюу 4.3 хувиар өссөн,
Тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг 431 бүртгэгдэж өмнөх оноос 62 буюу 16.8 хувиар өссөн,
Халаасны хулгайн гэмт хэрэг 1,280 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 407 буюу 46.6 хувиар өссөн,
Галт зэвсгийн хулгайн хэрэг 5 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1 буюу 16.6 хувиар буурсан тус тус буурсан байна.
Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, энэ нь шунахайн сэдэлтэй, нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг болсон бөгөөд гэмт хэргийн түвшин, хөдөлгөөн нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрийн түвшингээс хамааралтай байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гол төлөв эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульгүй, амар хялбар аргаар амьдрахыг хичээгч, шилжин ирэгсдээс үйлдэж байгаа болно.
Хууль эрх зүй: Хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 3 зүйлд хуульчилсан бөгөөд “Хүн хулгайлах”, “Хулгайлах”, “Мал хулгайлах” гэж томьёолсон.
Түгээмэл үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, эсхүл байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 6 сараас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн бусдын мал хулгайлсан, эсхүл олон тооны мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 6 сараас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан.
Цагдаагийн байгууллагаас хийж байгаа ажил, арга хэмжээ:
Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хулгайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал:
- хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд нь хяналт тавих, хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан үүрэг бүхий нэгжийг Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах албанд ажиллуулах,
- Зөрчил шалгах, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах,
- Гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг төлбөртэй авах,
- Явган болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах,
- Камерын хяналт, захиргааны болон нэгбүрчилсэн хяналт, шалгалт хийх,
- Малыг чиптэй болгох, “Малчин лавлах-109” тусгай дугаартай утас ажиллуулах,
- Ломбард, зах, худалдааны төв, ченжийн үйл ажиллагаанд тогтмол хяналт, шалгалт хийх,
- Хууль тогтомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах,
- Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн болон нийтийн цахим сүлжээгээр ухуулга нөлөөллийн арга хэмжээ авах,
- Иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагыг дэмжих,
- Гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэстэй судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний арга зүйг тодорхойлох,
- Гадаад улс болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгжүүлсэн сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх, хариуцлагыг нь сайжруулах зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС