М.Энхболд огцор. Гэхдээ ...

М.Энхболд огцор. Гэхдээ ...

УИХ-ын дарга М.Энхболд огцор. Ийм уриалга гарч, энэ талаарх эсэргүүцэл өрнөөд бараг хагас жил боллоо. Өнгөрсөн хаврын чуулганаас эхлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ уриалж, бас эсэргүүцэж эхэлсэн.

УИХ-ын 2018 оны хаврын чуулган завсарлах гэж байхад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын нээлттэй сонсгол зохион байгуулах тухай санаачлага гаргав. Мөн уг санаачлагынхаа хүрээнд 60 тэрбум төгрөгийн хэрэг гэгчид нэр холбогдсон УИХ-ын дарга хариуцлага хүлээх ёстой гэх санааг ярьж, бас хэлж байв.

Харин 2018 оны зун болон намрын эхэн саруудад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулган зарлаагүй. Мөн 60 тэрбумын нээлттээй сонсгол зохион байгуулаагүй. УИХ-ын гишүүдийн үүсэл санаачлагыг дэмжээгүй зэрэг шалтгаанаар УИХ-ын дарга М.Энхболдтой хариуцлага тооцох ёстой гэх санаачлага гаргаж байв.

Харин УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах акцыг хүчтэй эхлүүлсэн билээ. Энэхүү ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

УИХ-ын дарга М.Энхболдыг эсэргүүцэх хөдөлгөөн УИХ дотор 40 гишүүнийг хамрууллаа. Л.Оюун-Эрдэнэ эхлүүлж, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар гэсэн 5 гишүүн манлайлж, үлдсэн 35 гишүүн гарын үсэг зурж, араас нь алга ташиж сууж байна. Дээрх 5 гишүүн мөн иргэдийг хамруулан энэхүү эсэргүүцлээ гудамжинд гаргаж жагсаал цуглааныг хоёр ч удаа зохион байгууллаа.

2018 оны 12 сарын 27 өдөр М.Энхболдыг огцруулах анхны жагсаал болсон. Харин 2019 оны 01 сарын 10 өдөр дараагийн жагсаал болж талбайд чамгүй олон хүн цугларч чадсан билээ. Энэхүү жагсаалын дараа Төв талбай дээр 30 гаруй гэр баригдан эсэргүүцлийн суулт эхлээд байна.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэргүүцлийг өрнүүлж байгаа суулт зарласан гишүүд асуудал хурцадсан нөхцөлд өлсөглөн зарлахаа мэдэгдээд байна.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "БИ ОГЦРОХГҮЙ" гэх товч бөгөөд тодорхой ганц л хариулалтыг өгсөөр өнөөдрийг хүрэв.

Энэ 7 хоногт УИХ-аар Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьж, хэлэлцүүлж байгаа УИХ-ын даргад хариуцлага тооцуулах хууль батлагдах ёстой. Түүний дараа М.Энхболд огцрох юм.

Гэхдээ М.Энхболд огцорсон ч бай, эсвэл өөрөө өргөдлөө өгсөн ч бай Төрийн ажлыг өнөөдрийг хүртэл гацаасан. Түмэн олныг талцуулсан зарим нэг гишүүнийг хамтдаа аваад бүүр УИХ-аас явах хэрэгтэй.

М.Энхболд өөрийгөө 60 тэрбумын хэрэгт буруугүй, эсвэл хариуцлага хүлээх ёсгүй гэж байгаа бол өнгөрсөн хугацаанд өрнөсөн гол дүрийн эзэн болох Л.Оюун-Эрдэнэтэй цуг хөтөлсөн шалгуулах газраа шалгуулчихаад хэн нүүртэй нь 2020 онд түмэн олноос санал гуйгаад төрийн түшээ болох хүсэл өвөртлөөд ир. М.Энхболд огцор.