Хамрын хийдийн хажуу бөөрийг хятадуудад 40 жилийн хугацаатай ухуулна гэнэ

Хамрын хийдийн хажуу бөөрийг хятадуудад 40 жилийн хугацаатай ухуулна гэнэ

Цахим сүлжээнд Хамрын хийдийн хажууд хятадууд уул уурхайн олборлолт хийж эхэллээ гэх мэдээлэл түгэв. Уг нь хамрын хийд нь аялал жуулчлалын чиглэлээр хөгжих бүс нутгийн жагсаалтанд багтсан. Дотоодын болон гадаадын аялал жуулчлалын урсгал тасардаггүй.

Ноён худагт Данзанравчаагийн 19881 онд байгуулсан тус хийд нь өнөөдөр энергийн төв Монголчууд сүсэглэн залбирдаг билээ. Харин гадаад, дотоодын жуулчдын хувьд бурхан шашины өв уламжлалыг тээсэн, дурсгалт, түүхэн ач холбогдолтой газар нутаг юм.

Уг газар нутгийн ойролцоо уул уурхайн олборлолт явсан нөхцөлд аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэх хүмүүс байна. Ялангуяа дахин сэргээж, хуучин өнгө төрхийг нь бий болгохоор зорьж байгаа Хамрын хийдийн дахин бүтээн босголтонд том саад учруулна хэмээн үзэх хүмүүс байна.

Хамрын хийд нь 200 орчим жилийн тэртээ 80 гаруй сүм дугантай, хэдэн зуун лам хурдаг шашин номын томоохон суурин байжээ. Мөн тус бүс нутагт шашин номын үүх, түүхийг хадгалж байгаа 108 суварга, 108 агуй оршин байна. Үүнийг хамгаалах ажлыг 1990 оноос хойш тасралтгүй хийж ирсэн.

Гэвч өнөөдөр хажуу бөөрийг нь ухаж, оршин тогтнох хэв шинжийг нь үгүй хийхээр гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ийнхүү бууриа засч эхэллээ.

Тус нутгийн иргэдийн эсэргүүцлийн бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.

Энэ талаар холбогдох хүмүүсээс тодруулахад үнэн гэдэг мэдээллийг өгч байна. БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай, "Даблью жи эс эл" ХХК тус бүс нутагт уул уурхайн ашиглалтын лиценц эзэмшиж эхэлсэн байна.

2007 онд тус бүс нутагт буюу Хамрын хийдээс ердөө л 7 км зайтай газарт  16 мянган га газар хамрах тусгай зөвшөөрлийг авчээ. Тус компани уг зөвшөөрлөө ашиглалтын болгон өөрчилж, ийнхүү уул уурхайн үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж эхэлсэн гэх мэдээллийн тус орчимд оршин суудаг иргэд хэлж байна.

Хамрын хийдийн бүс нутаг нь Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. 2005 онд уг газар нутгийг тусгай хамгаалтанд авч байжээ. Үүнээс хойш 3 удаа сунгасан байна. Гэтэл Хамрын хийдийн орчмыг орон нутгийн тусгай хамгаалтанд авсанаас хойш ердөө л 2 жилийн дараа 40 жилээр ашиглах уул уурхайн тусгай зөвшөөрлийг өгчихсөн байгаа юм.

Уул уурхай тус бүс нутагт бий болсоноор нэгд Хамрын хийдийн аялал жуулчлал буурна. Нөгөө талдаа энэ бүс нутагт аялал жуулчлал хөгжих боломж хумигдана. Мөн говийн заган ойн төгөл устаж сүйдэх эрсдэлтэй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Хамгийн харамсалтай нь энэ хэсгээс нүүрс олборлох юм. Говьд нүүрсний нөөц ихтэй томоохон оруудад олон байдаг. Ихэнхийг нь өнөөдөр ашиглаад явж байна. Ийм нөхцөлд дахин нэг ордыг ухаж, тэр дундаа аялал жуулчлалын гол бүс болсон газар нутгийг сүйрүүлэх шаардлага үгүй гэж нутгийн иргэд аминчлан захиж сууна.