Нийслэлийн засаг даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун аль нь ч тохирохгүй

Нийслэлийн засаг даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун аль нь ч тохирохгүй

НИТХ-ын хурал эхэлсэн ч гацаанд оров. Гацах ганц шалтгаан нь ногоон гэрлээр засаг дарга болчихоно хэмээн бодож явсан С.Амарсайханд өрсөлдөгч гарч ирсэнтэй холбоотой.

МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжлэг авч, НИТХ дахь МАН-ын бүлгийнхээ дэмжлэгийг авсан хэмээн бодож суусан С.Амарсайхан шоконд орчихлоо.

Жил гаруйн өмнө НИТХ-ын МАН-ын бүлгээ 2 хуваан байж НИТХ-ын дарга болсон С.Амарсайханд албан тушаал нь багадсан бололтой. Уг нь тэрээр НИТХ-ын дарга болох гэж их ч зүтгэсэн. Бүлгээ 2 хуваан байж уг албан тушаалд очсон гэхэд хол зөрөхгүй л болов уу.

Уг нь зүтгэж авсан албан тушаалдаа эзэн болчихоод дараагийнхаа албан тушаалд тэмүүлэх юм бол намтарт нь тустай болов уу. Гэтэл тийм биш бололтой. НИТХ-ын дарга, Нийслэлийн засаг дарга гэх албан тушаалыг ээлжлэн хаших нь түүний хүсэл гэж үү.

С.Амарсайхан НИТХ-ын даргын албан тушаалыг өнгөрсөн хугацаанд сайн хийсэн үү гэвэл ҮГҮЙ. Харин ч НИТХ-ын төлөөлөгчдөө багцлах тал дээр муу ажилласан. Тэр дундаа хоёр хуваагдсан МАН-ын бүлгээ эвлэрүүлж, эвийн гагнаасаар гагнаж чадалгүй өнөөдрийг хүрэв. Түрэмгийлэх хэлбэрээр НИТХ-ын тэргүүлэгчид, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх мэт суудлыг л авч өөрийнхөө талд шилжүүлсэнээс өөр хийсэн гавьяа, хэрэгжүүлсэн бодлого маруухан нэгэн билээ.

Харин энэ албан тушаал нь жижигдсэн юм байлгүй. Нийслэлийн засаг дарга болох гэж бас л түрэмгийлж эхэллээ. Түүний түрэмгийлэлд ташуур өгч байгаа эрхэм бол НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЖДҮ-чин хэмээх нэр зүүх болсон Амарбаясгалан. Өнөөдрийг хүртэл ЖДҮ-ээс зээл авсан хэрнээ албан тушаалаасаа буухгүй суугаа эрхэм бол Амарбаясгалан. Харин өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханг Нийслэлийн засаг дарга болгохоор зүтгэж сууна.

С.Мөнхчулуун бас л өөрийгөө Нийслэлийн засаг дарга болно хэмээн бодож суугаа нь гашлантай. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Сэлэм эргүүлж, олны цочирдуулсан залуугийн ах гэдгээр хүмүүсийн танил болсон энэ эрхэм бас л НИТХ-ын төлөөлөгч гэх сэтэр зүүгээд хийсэн ажил, хэлэх гавьяагаар маруухан нэгэн. Өнгөрсөн хугацаанд бүлгээ олигтойхон ч удирдаагүй гэх шалтгаанаар суудлаасаа ховхорчихоод байгаа билээ.

Ийм атал Нийслэлийн засаг дарга болж, 1,2 сая иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдруулах эрхийг хангуулахын төлөө ажиллах юм гэнэ. МАН-ынхан Нийслэлчүүдээр тохуурхаж байгаа юм байлгүй. Сонголт үгүй сонголтоор бэлэг барьж байх шиг.

НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс саналаа багцалж, яг хэнийгээ засаг дарга болгохоо шийдэж чадахгүй мунгинаж сууна. Тус бүлгийн хуралд Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар очиж оролцож байгаа сурагтай. Тэгсэн ч гэсэн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын хэн нэгнийг дэмжиж санал нэгдэж дөнгөхгүй хоёр хуваагдсан хэвээрээ хоорондоо үгэн бөмбөгөөр үзэлцэж суугаа гэнэ.

НИТХ 45 төлөөлөгчтэй. Түүний 34 нь МАН-ынх. Эндээс Нийслэлийн засаг дарга болчих хүн алга гэж үү? С.Амарсайхан, С.Мөнхчулуун лав биш шүү хэмээн иргэд нийгмийн сүлжээгээр шуугиад эхэллээ. НИТХ-ын төлөөлөгчдөө!!!