Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцлоо. Түүний хувьд прокуроруудад хандан хэд хэдэн асуудлыг хөндөн тавьсан юм. Тэр дундаа өндөр албан тушаалтнуудтай холбоотой зарим хэргийг шалгахыг хүсэв. Үүн дотор анхаарал татсан нэгэн асуудал нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарыг шалгах тухай байсан юм.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Тавантолгойн ордыг 2015 онд гадаадын компанид шилжүүлэх оролдлого хийгдсэн байдаг. Миний хувьд Ерөнхийлөгч биш "Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар прокуроруудад хандаж байна. Тавантолгойн ордын тухай та бүхэнд шаардлагатай хэдэн мэдээлэл өгч байна. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэсэн оролдлого 2015 онд гарч байсан. Тэр эрсдлийг холдуулж УИХ-ын 40 гишүүн Тавантолгойг авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг тухайн үеийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зохион байгуулсан. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байгааг гайхаж байна хэмээн Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандан хэлсэн юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрт байгаа гэх 176 хуудас бүхий баримт мэдээллүүдээ Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүлээлгэн өгөв.
Харин Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Монгол улсын хуулийн дагуу шударга ажиллана. Хэн нэгэн бусдыг буруутай гэж хэлсэн үгээр асуудалд хандахгүй. Хуулийн дагуу ажиллана гэсэн хариулалтыг Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хэллээ.
2015 онд Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлыг Засгийн газар шууд хийх гэж байсан юм. 100 жилийн нөөцтэй Тавантолгойн орд газарт гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч орох нөхцөлд гэрээг заавал УИХ-аар хэлэлцэх ёстой гэж тухайн үеийн УИХ-ын 40 гишүүн үзэж, тогтоолын төсөл баталж байсан билээ.
2015 оны УИХ-ын 40 гишүүний гарын үсэг зурж Засгийн газарт хаяглаж байсан бичгийг хүргэж байна