Даяарчлагдаж буй энэ үед чанартай боловсрол эзэмших нь нэн тэргүүний ойлголт, зорилт болжээ. Хүүхэд, залуус ч гадаадад суралцах хүсэл тэмүүлэлтэй болж хэл сурахад ихэнх цагаа шамдаж эхэлсэн жишээ захаас аваад мундахгүй их байна. Гэхдээ гадаад руу аль улсын ямар сургууль руу явах вэ гэдгээ тэр бүр сонгож чаддаггүй. Энэ талын мэдлэг мэдээлэл ч хомс. Тэгвэл “МИКА Монголиа” олон улсын байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал П.Энхмаатай ярилцлаа.
-МИКА Монголиа байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын ирээдүй болсон хүүхэд залууст болон их, дээд сургуулиа төгсөөд гадаадад суралцах сонирхолтой байгаа хүмүүст Япон улсад урт, богино хугацаагаар суралцахад манай байгууллага тусална. МИКА бол олон улсын байгууллага. Япон болон Австрали, Канад, АНУ зэрэг улсад сурах, ажиллахад мөн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна. Япон талыг нь би хариуцаж хийж байгаа юм. АНУ, Австрали, Канад талыг энэ улсуудад мэргэжил эзэмшсэн залуус хариуцан ажиллаж байна.
Японд сурч боловсорсон хэсэг бүлэг залуус эх орондоо ирж, хүүхэд залуусын төлөө, хөгжлийн төлөө ажиллахаар зориг шулуудсан. Бидний хийж чадах зүйл бол энэ чиглэлд түлхүү анхаарч, мэргэжлийн зөвлөгөө өгч нэг ч гэсэн залууд итгэлийн гэрэл асааж, гадаадад сурахад нь туслах, тэд эргээд эх орондоо ирж ихийг хийж бүтээгээсэй гэж хүсч байна. Мөн бид мэргэжилтэй ажилтан Япон руу зуучлахаас гадна аж ахуйн нэгжүүдийг холбож, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
-ЕБС болон их, дээд сургуулиа төгсчихөөд гадаадад үргэлжлүүлэн сурах сонирхолтой залуус олон болсон. Тэдэнд танай байгууллага гүүр болж ажиллах нь ээ. Ер нь ямар боломж, давуу тал байгаа вэ?
-Маш их боломж бий. Аливаа улс орны сурах арга барил гэж байдаг. Ний нуугүй ярихад, манай сурах арга барил дэлхийнхээс нэлээд хоцрогдсон. Хамгийн наад зах нь, сургуульд явахаар шийдээд тухайн улсын сургалтын онцлогийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд явуулахад учир дутагдалтай ханддаг. Бидэнд хандсанаар тухайн түвшинд нь таарсан мэдээллийг авч, өөрийнхөө сурах бололцоотой гэж үзсэн сургуульд элсэх боломж бүрдэнэ.
Намайг 15-16 жилийн өмнө Япон руу сургуульд явж байхад урлагийн боловсрол тэр дундаа график, дизайн, компьютерийн дизайн чиглэлээр суралцах гэж байгаа хүн ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана, хэнд хандах талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Тухайн сургууль руу материалыг нь явуулаад мэргэжлийн зөвлөгөө өгөх байгууллага тэр үед байдаггүй байлаа. Одоо ч мөн адил, маш ховор. Жишээ нь, анагаахын чиглэлээр суралцъя гэхэд ямар түвшинд суралцах гээд байгаа юм, аль чиглэлээр судалгаа хийх вэ гээд ерөнхий мэдээлэлгүйгээр англиар ярьдагтаа эрдээд явчихдаг. Тэгэхээр япон багш нар энэ оюутан сурах гээд байгаа юм байна гэж харахаас биш яг надад хандсан, би дааж авч сургахаар юм байна гэдгийг харж чаддаггүй. Энэ үнэхээр харамсалтай. Бид үүнийг хийнэ. Өөрөөр хэлбэл, японд нэг оюутанд нэг багшид харьяалагдаад тухайн сэдвээ судлаад явбал их зүгээр байдаг. Манай байгууллага энэ холбоосыг хийхээс гадна хэлний түвшин өндөр бол тэтгэлэгт ч хамруулах боломжтой. Таны мэдлэг, боловсролын түвшин энэ оронд очоод ямар чиглэлээр сурах уу гэдгийг түвшинг нь тодорхойлж өгдөг. Хэлний мэдлэгийг нь ч эмэгдүүлнэ.
-Хэлний сургалт явуулж байгаа гэсэн. Дээрээс нь танайх зуучлалын хөлс авдаггүй гэж сонслоо. Энэ талаараа дэлгэрүүлбэл?
-Гаднын сургалтын төвүүд хөдөлмөр зуучлал хийдэггүй. Манайх дэргэдээ хэлний төвтэй. Энэ төвд Англи, Японд мэргэжил эзэмшсэн багш нар хичээл заадаг. Магистрт явах гэж байгаа бол хэлний түвшинг нь тодорхойлоод хэл заах шаардлагатай бол заана. Ямар нэг байдлаар Япон руу сургуульд явуулж л байвал боллоо гэсэн хандлагаар хандахгүй. Заавал хэл сурах ёстой. Бид зөвхөн таниас гарах шаардлагатай зардлыг авна. Сургалтын төв болон үйл ажиллагааны зардлыг л авна гэсэн үг. Бичиг баримтыг нь орчуулах, Гадаад харилцааны яаманд хандах зэрэгт гарах зардлыг үйл ажиллагааных гээд байгаа юм.
-Японд сурснаар ямар давуу талтай вэ. Бид дэлхийн түвшинд хүрсэн боловсрол эзэмшиж чадах уу?
-Олон давуу тал бий шүү дээ. Би түрүүнд хэлсэн, гадаадад боловсрол эзэмшсэн хэсэг бүлэг залуус туршлагаасаа хуваалцах, Монголынхоо хүүхэд залуусыг гаднын соёлтой танилцаж, сурч боловсорч ирээд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгээсэй л гэсэн бодол өвөртөлж байна. Жишээ нь, Монголынхоо топ их, дээд сургуулийг төгссөн, боломжийн түвшний хэлтэй хэр нь Японы улсын биш хувийн сургуульд элсчихдэг хүүхдүүд бий. Энэ бол мэдээлэлгүйн шинж шүү дээ. Бүр болохгүй юм аа гэхэд эхлээд судлаач оюутнаар яваад дараа нь шалгалтаа өгөөд улсын нэр хүндтэй сургуулиудын магистрт элсэж суралцах нь нэр хүнд, эдийн засаг талаасаа хамаагүй илүү дээр байдаг. Тиймээс сургууль руу нь л явуулах эссэ, бичиг баримтыг суралцахыг хүсч буй хүүхдүүдтэйгээ хамт бичдэг. Ингэж байж тэр хүүхэд судалгаа хийх боломжтой болно. МИКА-гийн ихэнх ажилтнууд Японд 18-20 жил сурч, ажиллаж амьдарсан хүмүүс. Тухайн улсууддаа ч олон салбарт сурч, ажиллаж байсан учраас бүх талын мэдлэг мэдээллийг манай байгууллагыг зорьж ирээд авч болно. Ний нуугүй хэлэхэд Монголоос ирж байгаа оюутнууд шууд магистрт ороход хэцүү байдаг. Тиймээс тухайн сургуульдаа хэлний бэлтгэлээ хийнгээ багш, профессортойгоо судалгааны ажлаа давхар хийж байгаад жилийн дараа магистрын шалгалтаа өгөөд тэтгэлэгт хамрагддаг. Бид тэтгэлэгт яаж хамрагддаг талаар бүхий л талын зөвлөгөөг өгнө. Нэг удаа уулзаад салах биш төгсөн төгстөл бид холбоотой ажилладаг.
-Сурангаа ажил хийх боломжтой юм уу?
-Ер нь судлаач оюутны виз авсан тохиолдолд Японд сурангаа ажил хийж болдог. Долоо хоногт 28 цаг ажиллах зөвшөөрөл өгдөг л дөө. Эхний удаа виз 1.6 жилийн хугацаатай гардаг.
-Сургуулиас гадна бизнес консалтинг үйлчилгээ үзүүлнэ гэсэн үү?
-Манайх дан ганц сургуульд зуучлах бус Японы зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гээд судалгаа хийж байгаа аж ахуйн нэгжид консалтинг үйлчилгээ үзүүлдэг. Монголдоо бүтээгдэхүүн нь борлуулалтаараа тэргүүлдэг компани гаднын зах зээл рүү нэвтэрмээр байгаа ч эвээ олохгүй тохиолдол олон байдаг шүү дээ. Энэ бүхэнд манай байгууллага холбож, хоёр талынх нь гүүр болж ажиллана. Японы зах зээл том. Тиймээс Монголын үйлдвэрлэгчид шууд нэвтэрч ороход төвөгтэй байдаг. Нэгдүгээрт, мэргэжилтний орчуулга, хоёрдугаарт, Монголын зан заншилтай холбоотой бүтээгдэхүүн экспортод гаргахын тулд японы талд энэ чиглэлийн ойлголт, мэдээлэл зайлшгүй өгч байж хамтрах ёстой болдог. Тэгж байж үйлдвэрийнхээ энэ бүтээгдэхүүнийг ингэж гаргах боломжтой гэхээс гадна япон мэргэжилтнүүд ирж газар дээр нь үзэх гээд давуу тал олон бий.
-Мэргэжилтэй ажилтан япон руу зуучилж байгаа гэсэн. Япон явж л байвал боллоо гээд өөрийнхөө мэргэжлийн туслах ажил хийхээр гарсан хүмүүс олон байдаг тухай та яриандаа дурдаж байсан шүү дээ..?
-Ажилтны хувьд хэлэхэд би ийм мэргэжлээр сурч төгссөн, гэтэл мэргэжлийн төрөл нийлэхгүй байна гэж хүмүүс их ханддаг. Одоо жишээ нь, Японд хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд л мэргэжилтэй ажилтан авч байна. Энэ чиглэлээр явах гэж байгаа монголчууд явж л байвал боллоо гээд хамгийн бага түвшний дадлагажигчаар явчихдаг. Буцаж ирээд “Би мэргэжилтнээр явах ёстой байсан юм билээ” гээд ярих нь бий. Явахаасаа өмнө хүмүүс манайд хандвал бид мэргэжлийн зөвлөгөөг нь өгдөг л байгууллага юм. Цаашлаад анх удаа Японд очиж байгаа хүн хэрхэн хөлөө олох талаар ч хууль зүйн зөвлөгөө өгдөг. Японд ажилтнаар явж байгаа зарим хүн цалин хөлсөө сайн тохирохгүй явах тохиолдол ч бий. Мэдлэг, боловсрол дээгүүр хэр нь дадлагажигчаар гурван жил яваад ирсэндээ харамсдаг. Японд ямар мэргэжилтнээр ажиллах вэ гэдэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө гэсэн үг.
-МИКА өргөжиж, орон нутагт салбараа нээж байгаа юм билээ. Яагаад заавал Дорноговь аймгийг сонгосон бэ?
-Дорноговь аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвтэй хамтран япон хэлний эрчимжүүлсэн сургалт явуулах гэрээ саяхан хийлээ. Сургалтаараа дамжуулан Япон улсад ажиллаж амьдрах үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Мөн Монголын зүүн бүсийн хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залууст Япон улсад ажиллаж амьдрах боломжийг олгож байна. Цаашид бусад хөдөө орон нутагт салбараа нээхээр төлөвлөж байгаа, түүний эхний алхам нь Дорноговь аймаг Сайншанд хот юм..
Эномото Шигэки: Сурах чин хүсэлтэй ирээдүйгээ харсан хүмүүс л ирдэг
МИКА Монголиа байгууллагын урилгаар Япон улсаас ирж багшилж буй Эномото Шигэкитэй ярилцлаа.
-Монголд ирсэн үеийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?
-Би зургаан жилийн өмнө “Олонлог” дунд сургууль 1.6 жил хичээл заасан. Математикийн багш мэргэжилтэй. Японд дунд сургуульд 33 жил багшилсан. Зургаан жилийн өмнө сургуульд багшлахаа болиод японд газар тариалан эрхэлж үзсэн. Тэр үед “Та Монголд ирж багшлаач. Багш хүн шүү дээ” гэсэн санал Монголоос надад хэлсэн. Тиймээс зургаан жилийн өмнө Монголд анх удаагаа ирж байлаа. “Олонлог” дунд сургуульд багшилж дуусаад япондоо ирээд гурван сар болж байтал Хятадын их сургуулийнхан япон хэлний багшаар гэрээгээр ажиллах санал тавьсан юм. Тэнд дөрвөн жил багшилж байхдаа “Эргээд Монголд очиж багшлахсан гэж бодож байсан” шүү. Удаа ч үгүй байтал МИКА-гаас манайд ирж багшлаач гэдэг санал ирсэн учраас Монголд ирээд байгаа.
Би бүхий л амьдралаа сургалтын байгууллагад ажиллалаа. Энэ байгууллагын онцлог нь яг ирж суръя гэж ирээдүйгээ харсан хүмүүс ирдэг. Тийм учраас би хичээгээд хичээлээ улам илүү сайн заахсан гэж бодно. Сурахаар ирж байгаа хүмүүс бүгд ардаа ажилтай. Зорилго нь их том. Гэхдээ амьдрал нь болохгүй учраас давхар ажилтай хүмүүс ирж сурдагт сэтгэл жаахан өвддөг. Тэр хүмүүст тааруулж хичээлээ сайн заах ёстойг би алхам тутамд мэдэрдэг юм. Оройн цагаар хичээл хийгээд сурахын төлөө тэд явж байна шүү дээ.
-Монголчууд япон хэл сурах тал дээр хэр авъяастай байна вэ?
-Японд очоод хэрэглэгдэх мэргэжлийн үгийг түлхүү зааж байна. Хамгийн гол нь өгүүлбэр зүйн бүтэц японыхтой их төстэй учраас заахад хурдан ойлгодог. Гэхдээ ханзны соёл байхгүй учраас тэр тал дээр хэцүү байх нь бий. Өгүүлбэрзүйн бүтэц ижил учраас үгээ цээжилчихвэл ярихад амар. Миний бодлоор богино хугацаанд япон хэлийг төгс эзэмшихгүй. Тиймээс эхний ээлжинд ярьж, уншиж сурах хэрэгтэй. Ханзыг аандаа цээжлээд явахаас өөр аргагүй. Хажуугаар нь японы соёлыг давхар заах нь миний үүрэг. Гол зорилго нь Монгол-Японы найрамдал улам батжиж, буцаж эх орондоо ирээд хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна. Ганцхан үг заах бус япон соёл, техникийг сураад яваасай л гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.