УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Энэ жишгээр л аманд орсон бүхнээ бурдаг гажуудал улс төрчдөд бий болчихжээ. Олон түмэнд таалагдах гэж нэг хэсэг нь шоудаж байхад нөгөө хэсэг нь мухайрлал маягаар асуудалд хандах болжээ.
2019 оны 01 сарын 17 өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдааны үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хувьсгал хийхэд хууль хэрэггүй. Манжын амбаны хөөж явуулахад хууль хэрэг байгаагүй, буудаж хорооход ч болох юм хэмээн эрээ цээргүй, хууль дээдлэх ардчилсан нийгмийн нэгэн эд эс гэдгээ тэр хүн умартсан маягтай үг хэлж сууна.
Монгол улс нь Ардчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлоож, хууль дээдлэх зарчмыг баримтлана хэмээн үндсэн хуулиндаа тусгаж өгсөн.
Мөн Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь хууль тогтоох Улсын Их Хурал хэмээн тунхаглаж өгсөн билээ.
Ийм нөхцөлд хууль хэрэггүй. Хууль ярих шаардлага алга гэж суугаа хууль тогтоогчийг үтэр түргэн тэр танхимаас нь хөөж гаргах хэрэгтэй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хуулийн дээр тэнгэр л бий гэх үг хэллэг нь өнөөдрийн нийгмийн үндсэн ухагдахуун биш гэж ү.
Ж.Батзандан гэдэг хүнд хууль хэрэггүй юм бол түүнд мөн хууль тогтоох байгууллага ч хэрэггүй л байх ёстой. Иймд Ж.Батзандан гэдэг хувь хүнийг үтэр түргэн хууль тогтоох дээд байгууллагаас хөөж гаргая.
Баянзүрх дүүргийн 300 гаруй мянган иргэн бүгд Монгол улсад хууль хэрэггүй гэж үзээгүй нь лавтай. Баянзүрх дүүргийн иргэдийн итгэлийг өвөртөлж ирсэн Ж.Батзандан та сонгогчдийнхоо байр суурийг УИХ-ын индэр дээр илэрхийлж суугаа нь энэ үү? Эсвэл хувь хүнийхээ бодлоор төрийн эрх барих дээд байгууллага дээр тийчэгнэж суугаа нь энэ үү?
Ж.Батзандан гэж хувь хүнийг сонгосон сонгогч та бас нэг эргэцүүлэх хэрэгтэй. Хэлбэрт итгэж, хийрхэл мэт үгэнд автаж сонгосон таны төлөөлөл өнөөдөр энэ нийгмийг үгүйсгэж, элдэв буруу зүйлд түмнийг уриалан төрийг хутгаж сууна.
УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн зүйл заалтыг өөрчлөх цаг нэгэнт болжээ. Улс төрч нэг нэгнээ хэмлэж болно. Харин үндсэн хуулийн зарчим, нийгмийн үнэт зүйлийг үгүйсгэх нь өөрөө хууль тогтоогч, улс төрч хүний хийх алхам биш юм.