Харийн нутагт яваа монголчууд "Ажилд зуучилж өгнө, виз авахад зуучилна" гэх мэтээр нэгнээ хууран мэхлэх хэрэг гарах болсон байна. Тиймээс үүнтэй холбогдуулан Токио хотод суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараахь сэрэмжлүүлгийг гаргажээ.
Сэрэмжлүүлэгт "Сүүлийн үед фэйсбүүк зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна.
Энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүн монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэн нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байгаа тул олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зард хууртагдахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.