"Цахим хуудсанд гэртээ орох гэж явсан бүсгүй танхай этгээдэд зодуулж, дээрэмдүүлсэн талаарх бичлэг гарч байсан билээ. Уг гэмт хэргийг мөрөөр цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 6 цагийн дотор хэргийг илрүүлэн дайчлан баривчиллаа. Тодруулбал 2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 17 цаг 25 минутад БГД-ийн 6 хороонд байрлах Сити 18 дугаар байранд амьдардаг иргэн гэртээ орох гэж яваад танхай этгээдэд зодуулж, бас дээрэмдүүлсэн байдаг юм.
Энэ мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн нь "манай охин гэртээ орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна" хэмээн нийгмийн сүлжээнд мэдээллийг байршуулсан. Мөн тухайн хэргийн талаар цагдаагийн албанд дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс материалжуулан ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22 цаг 25 минутад дайчлан баривчиллаа. Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй нэгэн байжээ.
Хохирогч эмэгтэй 21 настай У нь гэртээ орох гэж байсан. Гэтэл гэмт этгээд халдаж, биед нь халдахын зэрэгцээ дээрэмдсэн хэмээн мэдүүлжээ
Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлсэн цагдаагийн алба хэргийг нарийвчлан шалгах юм байна. Мөн өөр хохирогч байгаа эсэхийг тодруулах болно гэлээ.
Харин хохирогч эмэгтэй 21 настай. Гэрлүүгээ орох гэж байсан хэмээн мэдүүлсэн байна.
Б.Анир