УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар "ханцуй шамлан" зүтгэж буй Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын гишүүд ээлжит мэдээллээ хийлээ. Тэд тэмцлийнхээ эхний томоохон үр дүнг гарч байна гэж онцоллоо. Тэдний тэмцлийг дэмжиж байгаа, Монголын улс төрд том шинэчлэлийг гаргаж, 30 гаруй мянган иргэний гарын үсгийг цуглуулсан байна. Цуглуулсан гарын үсгээ УИХ-ны даргад өргөн барихаар бэлджээ.
Мөн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль батлагдсан учраас 40 гишүүн гарын үсгээ цуглуулаад, энэ баасан гаригт хуулийн хэрэгжих хугацаа эхлэнгүүт шууд өргөн барихаар болж байгаа гэдгээ мэдэгдлээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийн бланкан дээр гишүүдийн гарын үсгийг цуглуулах юм байна.
Лу.Болд гишүүн мэдээллийн үеэр хэлэхдээ "Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хууль бус, шударга бус зүйл ямар их гарсныг эхнээс нь дэлгэнэ. Энэ долоо хоногт Их хурлын даргыг огцруулснаар талбай дээрх "Гэр хотхон"-ыг буулгана" гэлээ. Мөн бидний таван гишүүнийг дотор нь хагалах явуулгууд их хийж байна. Энэ худлаа шүү гэж хэллээ.
Тэд энэ долоо хоногийг гарын үсгийн долоо хоног болгож, МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгдээд буй М.Энхболдыг унагах долоо хоног болно гэх мэтээр Төв талбайд хийж буй "Гэр" тэмцлийнхээ талаар ярилаа.