Д.ЭРДЭНЭБАТ: Ардчилсан нам УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байна

Д.ЭРДЭНЭБАТ: Ардчилсан нам УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж, сүүлийн үед хүчтэй өрнөж буй М.Энхболдыг огцруулах тухай асуудалд ямар байр суурьтай байгаагаа мэдэгдлээ. Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ яаралтай тарж ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай гэдэг тогтоолын төслийг боловсруулж гарын үсэг зурах асуудлыг эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар энэ төсөл дээр 14 гишүүн гарын үсэг зуржээ.

"Одоогийн УИХ иймэрхүү байдлаар цаашдаа үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон байна. УИХ-ын гишүүд хувь хүнийхээ хувьд бие биенээ дайрч давшлах, хэрэлдэж зодолдох асуудал нь хэрээс хэтэрлээ. Энэ нь улс төрийг үнэлэх үнэлэмжийг улам бууруулж байгаа нь гарцаагүй үнэн юм. Тийм учраас цаашид АН бүлэг ямар байр суурин дээр байх вэ гэдгээ ярилцлаа. УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 25-наас эхэлж мөрдөгдөх шийдвэр гарсан. Үүн дээр гарын үсэг зурах үйл ажиллагааг урьдчилан хийж байх шиг байна. УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр, хэн нэгний шантаажаар гарын үсэг зурахгүй байх гэж найдаж байна" гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярилаа.

УИХ-ын даргыг огцруулах нь М.Энхболдын ч асуудал. Мөн УИХ-ын гишүүд болон ард түмний ч асуудал. Тиймээс Ардчилсан нам УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэж үзжээ.