М.Энхболд огцорч, У.Хүрэлсүхийн зовлон эхэлнэ

М.Энхболд огцорч, У.Хүрэлсүхийн зовлон эхэлнэ

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Энэхүү хуулийн зүйл заалтыг 2019 оны 01 сарын 25 өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм.

Хууль хэрэгжиж эхэлсэн өдөр нь буюу 2019 оны 01 сарын 25 өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тухай албан бичгийг УИХ-ын даргад өргөн барих гэнэ.

Хэдийгээр М.Энхболдыг огцруулах гэж баталсан хууль хэрэгжиж эхлээгүй ч өнөөдрөөс эхлэн Л.Оюун-Эрдэнэ гишүүн албан бланк дээрээ М.Энхболдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэхээр зэхжээ. Баасан гараг гэхэд 40 гишүүний гарын үсгийг цуглуулж, хуулийн төсөл өргөн барина гэв.

М.Энхболдын хувьд УИХ-ын намрын ээлжит чуулганыг хаахыг хүсч байна. Мөн нөгөө талдаа Хаврын чуулганыг 2019 оны 04 сарын 01 өдөр нээхийг ч бас хүсч байгаа бололтой. Энэ хүртэл хугацаа хожихийн тулд хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь биш 2019 оны 01 сарын 25 гэж тусгуулсан бололтой.

Энэ баасан гарагт М.Энхболдыг огцруулах албан бичигт гишүүд гарын үсэг зурж дуусахгүй бол өргөн барих хугацаа дахиад хойшлох болно. Ингэж сунжирсаар 2019 оны 02 сарын 05 болж цагаан сар болчих эрсдэлтэй байна. Хэрэв ингэсэн нөхцөлд чуулганы намрын хуралдаан хаалтаа хийх юм. Үүнийг хүртэл барьж чадвал М.Энхболд ганц сар ч гэсэн УИХ-ын даргын суудалтайгаа үлдэх нь гарцаагүй.

М.Энхболд УИХ-ын дарга хэвээрээ ганц сар үлдсэн ч эс үлдсэн ч хаврын улс төр сар шинтэй зэрэгцэн бужигнах нь гарцаагүй юм.

Өнөөдөр нийгмийн бүхий л анхаарал 60 тэрбумын гэх яриа. Мөн түүний гол холбогдогч хэмээх М.Энхболд. Нөгөө талдаа МАНАН бүлэглэлийн хамгаалагч гэх нэр зүүгээд байгаа М.Энхболд дээр байна. Түүнийг л УИХ-ын даргын суудлаас ховхлох нь өнөөдрийн гол улс төр болчихлоо. Нийгэм ч бас үүнийг хүсч, олон нийт энэ талд илүүтэй анхаарч байна.

М.Энхболд шууд огцрохгүйн тулд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын баталсан УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийн өөрчлөлтийг үндсэн хуулийн цэцэд хэн нэгнээр гомдол мэдүүлэх нь гарцаагүй.

Ингэсэн нөхцөлд хуулийг шууд хэрэгжүүлэх эсэх дээр дахин маргаан үүсч болох юм. Харин энэ даваа үүсэхгүйгээр хууль хэрэгжлээ гэхэд Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд гарын үсэг цуглуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичгийг өргөн барих болно.

М.Энхболд хүсэхгүй байсан ч УИХ-ын гишүүдийн олонх нь түүнийг огцрууллаа гэж бодьё. Харин ирэх 7 хоногт уу? Эсвэл 2019 оны 04 сарын эхээр үү гэдгийг гишүүдийн ирц, бас оролцоо мэдэх хэрэг. Харин Л.Оюун-Эрдэнэ нарын 5 гишүүн түүнийг яаралтай огцруулахын тулд гишүүдийг уриалах, нийгэмд нөлөөлөх гэж зүтгэх нь гарцаагүй юм.

М.Энхболд огцорч харин дараагийн төрийн зовлон эхлэх болно. Энэ нь М.Энхболд огцорчихлоо гээд тайван суухгүй нь гарцаагүй. Харин ч өөрийнхөө хамгаалж байсан суудлаасаа буучихсан учраас ханцуй шамлан тэмцэл дунд ороод явчихана. Тэр тэмцлийг гол бай нь мэдээж хэрэг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдуулан эхний ээлжинд балбах нь гарцаагүй. Тэрхүү балбалт 2020 оны сонгууль хүртэл үргэлжлэх, эс бөгөөд У.Хүрэлсүхээс наандаж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг М.Энхболдын талынхан авч байж санаа нь амрах болно. Хэрэв У.Хүрэлсүх ҮГҮЙ гэсэн нөхцөлд энэ тэмцэл илүү хол замыг туулах нь гарцаагүй юм.

М.Энхболд огцорсны маргааш У.Хүрэлсүхийн жинхэнэ зовлон эхлэх болно.