Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох санал хураалтад орж, ялсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахаас татгалзжээ гэсэн мэдээлэл цахим орчинд түгээд буй. Энэ нь худлаа мэдээлэл бөгөөд НИТХ-аас С.Мөнхчулууныг хотын даргад батламжлуулах албан бичгээ ЗГХЭГ-т хүргүүлээгүй байгаа юм байна. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тайлбарлахдаа "Ерөнхий сайдад хотын даргыг батламжлуулах бичиг ирээгүй байна. Ирсэн тохиолдолд 14 хоногт багтаан зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэхээ НИТХ-д хүргүүлэх ёстой. Хэрэв, түүнийг батламжлаагүй тохиолдолд НИТХ дахин хэлэлцэх учиртай" гэлээ.
Харин болж буй үйл явдалтай холбогдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг илгээхгүй, уяж саатуулж байгаа гэх яриа олны дунд гарчээ.