Улаанбаатар хотын тулгамдсан хамгийн том асуудал нь УТАА. Үүнтэй нийслэл хотын 1,2 сая иргэн бүгд санал нэгдэнэ. Харин хэрэгжүүлсэн алхам, хийсэн ажил нь утааг бууруулахад үр дүн өгсөн үү? Энэ асуултын хариултанд дарга нараас бусад нь ҮГҮЙ гэчихдэг.
Утаа гэж юу вэ?
Нэг мм-ийг 100-гаас 1000 хүртэл хуваасантай тэнцэх голч бүхий хатуу биетүүдийн хийн төлөвт байгаа орчинг “утаа” хэмээн шинжлэх ухааны хэллэгээр тайлбарладаг. Харьцангуй бүдүүн ширхэг бүхий тоостой жишэхэд дээрхи биетүүд хүндийн хүчний нөлөөнд орж газарт суудаггүй, дэгдэмхий байдалтай байдаг бөгөөд улмаар агаарын чийгтэй холилдсоноос кондесацийн цөмүүдийг бий болгон утаан мананг үүсгэдэг.
Хаанаас Утаа үүсдэг вэ?
Нийслэл хотод 4 цахилгаан станц ажиллаж байна. Эдгээр нь Багануурын нүүрсний уурхайгаас гарсан нүүрсийг шатааж, цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа. Харин гэр хорооллын 220,000 өрх бий. Тэдгээр өрх нь Багануур, Налайх, Алаг толгой, Шарын голын уурхайн нүүрсийг шатаадаг.
Уг нь Утаагүй, сайжруулсан зуух гэгчийг төр засгийн зүгээс хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд нийлүүлсэн. 2010 оноос хойш уг зуухыг 175 мянган өрх худалдан авчээ. 17-220,00 төгрөгөөр тэрхүү зуухаа худалдан авсан байдаг. Энэ зуухыг гэр хорооллын айл өрх хэрэглэж эхэлсэнээр утаа 30-60 хувь буурна гэж дарга нар ам уралдан ярьж байлаа. Харин үр дүн нь өнөөдрийн утаатай дүр төрх. Утаа буурчихсан бол Улаанбаатар хотод энэ өдрүүдэд ийм Утаат хөшиг үүсэхгүй байв. Тэгэхээр жилдээ 10-20 тэрбум төгрөг зарцуулж утааг бууруулсан сайжруулсан зуух, сайжруулсан түлш гэсэн ажил нь зөвхөн хэдхэн дарга нарын халаасыг түнтийлгэж, хэдэн бизнес эрхлэгчийн ашиг орлогыг л нэмэгдүүлээд дуусчээ. Ганцхан жишээ хэлэхэд л 2014 онд 20 тэрбум 260 сая төгрөгөөр Улаанбаатар хотын утаатай тэмцжээ. Энэ мөнгөөр хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг та бид өдөр бүр утааг амьсгалж, уушиг, эд эрхтэн бүрээ хордуулж мэдэрч байгаа.
Бидний эргэн тойрон дахь агаарт 200 орчим хорт бодис агуулагдаж байгааг эрдэмтэн судлаачид анхааруулах болжээ. 11 жилийн өмнө Улаанбаатар хотод өвлийн улиралд амьсгалын замаар өвчилсөн хүний тоо 36400 байжээ. Харин энэ тоо өнөөдөр 10 дахин нэмэгдчихсэн гэдгийг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Ханиад хүрсэн хүн эмчилгээндээ дор хаяж 20,000 төгрөг зарцуулдаг. Энэ тоог 300-400 мянган хүнээр үржүүлэх юм бол өвлийн улиралд бид эмийн импортонд хэчнээн төгрөг зарцуулж байгаа нь гараад ирнэ ээ.
Хорт утаа таны наснаас жил бүр 2-3 жилийг хороодог
Эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар Улаанбаатар хотын утаанаас үүдэн иргэн бүр жилд 90 кг хорт бодисыг амьсгалаараа залгидаг байна. Энэ хэмжээний хорт бодис нь 2-3 жилийн насыг хороодог гэж судлаачид үздэг байна. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар 2012 онд л гэхэд 1600 хүн амьсгалын замын өвчлөлийн улмаас нас барсан гэж ээ. Үүнд Улаанбаатар хотын утааны үзүүлэх хор нөлөө их гэж үзсэн байна.