Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг 13 жилийн дараа үнэн шударгаар шийдэгдэх үү?
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайзад монгол бүсгүй Ш.Алтантуяа харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч байсан юм. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак, түүний туслах Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяаг С-4 загварын тэсрэх бөмбөг биед нь уяж дэлбэлж алсан байдаг. Энэ хэргийн араас хохирогч С.Шаарийбуу гэр бүлийнхнийхээ хамтаар олон жил явж, хөөцөлдсөөр өнөөдөр шүүх хурал нь болж байна. Шүүх хурал энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Талийгаачийн ар гэрийнхнээс гадна Хүний эрхийн комиссын гишүүн М.Оюунчимэг, Бангкок дахь Элчин сайдын яамны ажилтан нар ажиглагчаар оролцож байгаа аж. Хохирогч тал Абдул Разак Багинда нараас 24.1 сая ам.доллар нэхэмжилж байгаа юм байна.
Энэ хэргийн гол захиалагч гэх Абдул Разак Багинда нь улс дамнасан зэвсгийн наймаанд оролцдог, мафийн бүлэглэлд багтдаг нэгэн бөгөөд орчуулагч Ш.Алтантуяаг нэгэн уулзалтад оролцсоныхоо дараа гэрч үлдээхгүй гэж устгасан гэж үздэг. 2015 онд хэргийг шийдэж, Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон ч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали руу зугтсан байдаг.
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд талийгаачийн ааваас өөр энэ хэргийн араас явах хүн гараагүй гэхэд хилсдэхгүй. Монголын төр иргэнийхээ амь насыг нэхэж, гав гэж ганц үг дуугараагүй гэхэд буруудахгүй. Үнэндээ, Малайзын одоогийн Ерөнхий сайд өмнөх Ерөнхий сайдынхаа хийсэн элдэв шударга бус зүйлсийг ухаж гаргаж, энэ хэргийг дахин шалгуулснаар ийнхүү шүүх хурал нь болж байгаа гэдгийг хэвлэлүүд онцолсон байна.
Ид залуу насандаа хүний нутагт амиа алдсан монгол бүсгүйн хэрэг үнэн мөнөөр шийдэгдэх үү, шүүх хэрхэн шударга ажиллах вэ гэдгийг монголчууд хүлээж байна.