ЖДҮ-чин гишүүдээ хамгаалдаг юм байж. Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ яах вэ, Ерөнхий сайд аа?
Монгол Улс эдийн засгийн хүнд үеийг туулж байна. Ерөнхийд нь хэлбэл, нийгмийн дундаж давхарга дааж дийлэхээргүй хэмжээнд хүрлээ. Нийгмийн дундаж давхарга нь л улсын ачааг үүрч явдаг гэхээс биш чинээлэг улсуудад эдийн засгийн хямрал төдий л нөлөөлж чадахгүй гэж ярьдаг. Тэгвэл дундаж хэсэг нь юугаар, яаж амьдрах вэ гэхээр Монголын нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх. Гэвч жижиг, дунд бизнес эрхлэхээр зүтгэж яваа хүмүүстээ очих ёстой зээлийг эрх мэдэлтэй улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд нар нь өөрсдөө авчихаад сууж байгааг бид харж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдэд хамаарах хэргийг прокурор, АТГ газар шалгаж байгаа. Засгийн газрын сайд нар, дэд сайд, агентлагийн дарга нар нь ч жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас яг адилхан шахуу 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байгаа. Нэг сайд, хоёр сайд, гурван сайдын зээл авсан нь ил боллоо гэж монголчууд хуруу даран тоолж явсаар сүүлдээ тоогоо алдах шиг болсон.
Энэ хэргийг улс төрийн тоглолт, улс төрийн ашиг хонжоо, улс төрийн хэрүүл болгож мушгиад өнгөрөх үү. Ерөнхий сайд нь танхимын сайд нараа цээжээрээ хамгаалаад өнгөрөх үү. Эсвэл 2020 оны сонгууль дуустал эргэж буцаж ухсаар байх уу гэх мэт асуудалд хариулах эзэн яаж олдохов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Засгийн газрын хуралдаан дээрээ “Нөхөд өө, юм чангарсан шүү. Мэдээтэй байгаарай” гэх утгатай үг захиад сууж байхыг бодоход Гүйцэтгэх засаглалын тэргүүн лав яагаад ч ждү-чин гэгдэх сайд нараа хөдөлгөж чадахгүй нь харагдаад байгаа юм.
Улс төрийн хамгаалалтанд аваад үлддэг юм байж гэхэд жинхэнэ асуудал болсон жижиг, дунд үйлдвэрлэгчдээ яах вэ. Одоогоор ЖДҮХС-гийн зээл бүрэн зогссон байна. Уг нь энэ салбарт Монголын ажиллах хүчний 67 хувь нь хамрагддаг юм билээ. Нийт 60 мянга орчим жижиг, дунд бизнес эрхлэгчид байгаа гэх тоо байна. Эдний дийлэнх нь дотоодын хөрөнгө оруулттай юм байна. Энэ тоонууд ач холбогдолтой биш гэж үү. Ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, экспорт нэмэх гол хүч энд байхад улс төрийн халуурал дунд хэрхэх нь мэдэгдэхгүй хаях уу, Ерөнхий сайд аа. Жинхэнэ баялаг бүтээгчид эзэнгүй үлдэх гээд байна. "Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ" гэсэн энэ сангийн эрхэм зорилгыг газар гишгээд орхих уу.