УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Тэрхүү хууль баасан гарагаас хэрэгжиж эхлэх учиртай. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт буюу 2019 оны 01 сарын 18 өдөр батлагдсан хууль 7 хоногийн дараа буюу 2019 оны 01 сарын 25 өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
Хууль хэрэгжиж эхлэх эхний өдөр л уг хуулийн заалтыг мөрдүүлэхээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар зэхэж байна. Өнөөдрийн байдлаар 39 гишүүн М.Энхболдыг огцруулах нь зүйтэй хэмээн гарын үсэг зуржээ.
Баасан гарагийн ажлын цаг эхлэнгүүт УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн өргөн барих гэнэ.
Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд УИХ-ын дарга М.Энхболдыг анх томилогдоход нь эсэргүүцэж байсан билээ. Тухайн үед буюу 2016 оны сонгуулийн дараа 65 суудалтай үнэмлэхүй олонхи болсон намын дарга хүн УИХ-ын дарга бус мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр Ерөнхий сайд болох ёстой хэмээн ярьж, тайлбарлаж байсан юм.
Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас эхлэн 60 тэрбумын хэрэг гэгчийг сөхөн ярьж, М.Энхболдод хариуцлага тооцох ёстой хэмээх санал гаргах болсон билээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд жилийн өмнө бол М.Энхболдыг огцруулах бус 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулахыг шаардаж байлаа.
Ялангуяа 2018 оны хавар, зун, намар гэх гурван улирал дамнуулан 60 тэрбумын нээлттэй сонсгол явуулах, эсвэл М.Энхболд огцрох тухай хөндөж эхэлсэн билээ. Энэхүү тэмцлээ эрчимжүүлж 2018 оны 10 сараас илүү далайцтай явуулах болсон нь ийнхүү өнөөдөр хууль болон хэрэгжиж эхлэх гэж байна.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын даргыг огцруулах хуулийн зохицуулалтыг санаачлан УИХ-д оруулж, батлуулаагүй. Харин түүнд дэмжлэг үзүүлсэн эрхэм бол Ерөнхийлөгч Х.Баттулга юм. Х.Баттулга санаачлан УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын 39 гишүүн УИХ-ын даргыг огцруулах хүсэлт гаргасан нөхцөлд УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх учиртай юм. Мөн л УИХ-ын гишүүдийн олонхи нь огцруулах саналыг дэмжих учиртай.
Хэн хэн гэдэг гишүүн гарын үсэг зурсан вэ гэдгийг та зурганаас харна уу.