Ж.Батзандан гишүүн “Шударга ёс” гэж хамгийн чангаар дуугардаг ч намаас намын хооронд холхисоор л явна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Зүгээр л УИХ-ын гишүүн. АН түүнийг намын гишүүнчлэлээсээ сая хассан. Одоогоор аль намд орохоо, эсвэл ямар нам байгуулахаа шийдээгүй яваа болов уу.
Тэр 2006 онд анх “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”-ийг байгуулж байлаа. Өөрөө тэргүүнээр нь сонгогдож, хажуудаа дагуулж явсан О.Магнайгаа ерөнхий зохицуулагчаар тавьж байв. Тухайн үед, хамгийн таатай аятайхан орон зайг олж гишгэн, улс төрд орох алхмаа хийсэн гэхэд болно.
Эхлээд тэд улаан лооль өндөг шидсэн шиг ээ эрх баригчдыг шүүмжилж, шаардлага хүргүүлж, эсэргүүцэж, төв талбайд үгээ хэлж, шударга нийгмийг байгуулна гэж тунхаглаж байв. Нэг бодлын сонин содон байлаа. Төв талбайд байсгээд л иргэний хөдөлгөөнийхөн гараад ирчихнэ. Өнөөдрийг бодвол тэр үед ард түмэн “Нээрээ ч шударга юм болов уу” гэж итгэж байсан байх. Нэг л мэдэхнээ талбай дээр Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга, С.Ганбаатар, Г.Баасан нар цувцгааж эхэлсэн юм даг.
2007 онд Ж.Батзандан, О.Магнай нар Иргэний хөдөлгөөнөө нам болгож сонгуульд оролцож байв. 2008 оны сонгуулиар шүү дээ. Тэд мэдээж ялагдлаа хүлээж аваагүй. “Алдагдсан ардчиллыг нэхэж байна” хэмээн сонгуулийн дүнг эсэргүүцэн, жагсаал хийн ард түмнийг айхавтар хар долдугаар сарын 1-н рүү турхирсан байдаг. Олон нийтийг турхирч, нийгэмд эмх замбараагүй байдал гаргасан гэж хуулийн байгууллага саатуулж байсан. Ард түмэн үүнийг тод саналгүй яахав.
Гудамжны жагсаал хийж явсаар байгаад Монголын төрд гарч, эрх ямбыг эдэлж яваа түүнийг Монголд дэлгэрсэн ардчиллын ололт амжилтыг хамгийн овсгоотой ашигласан хүн ч гэмээр шиг.
Улстөрчийнхөө хувьд тэр ганцаарчилсан тоглолт хийдэг. Үүнийг арай өөрөөр тайлбарлавал “амиа бодох” дуртай гэх болов уу. Чуулганы танхимд “шударга ёс” гэдэг үгийг нүүр царайгаа болтол хамгийн чангаар дуугардаг ч “нам намын хооронд” холхиж явдгаас нь харвал эргэлзмээр.
“Их Засаг” их сургуулийн багш байсан тэрбээр Иргэний хөдөлгөөний намын дарга, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм.