Хэнтийн 42 дугаар тойрог эзэнгүйдэж гүйцлээ

Хэнтийн 42 дугаар тойрог эзэнгүйдэж гүйцлээ

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль улс төрийн халуу шатсан тэмцэл дунд сураг алдраад удлаа. Уг нь өнгөрсөн намар аравдугаар сарын 7-нд нөхөн сонгуулийг зохион байгуулахаар товлосон юм. Гэтэл нэр бүхий гурван иргэн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Цэцэд хандсан байдаг. Үндсэн хуулийн цэц асуудлыг наймдугаар сарын 22-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд УИХ-ын тогтоол хууль зөрчсөн байна гэж үзсэн. Харин УИХ эргээд цэцийн тэрхүү дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн юм. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх учиртай. Тэгэхээр асуудал Цэц дээр очоод гацав уу?  

Хэнтий аймгийн 42 дугаар тойрог нь Мөрөн, Жаргалтхаан, Хэрлэн гэсэн гурван сумын 16000 мянган сонгогчтой тойрог. Энэ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчирхийллийн хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан юм. Ингээд суларсан тойрогт нөхөн сонгууль явуулж, намууд хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэж тэрүүхэндээ марафон хийгээд авсан. МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших гэж олон жил уралдсан морь өөрийгөө сойдог шиг, пиар дээрээ сүрхий анхаарч Биатлоны улсын аваргад хүртэл орж яваа нь харагдсан. Харин МАН-ынхан болохоор “Би, чи дэвш” гэж дундаа “шидлэх” маягтай байсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ тус тойрогт дэвшихээс бэргээд байна гэсэн яриа ч гаргаад амжсан. АН-аас Асашёорюү Д.Дагвадорж дэвшинэ гэхчилэнгээр элдэв таамгууд хэвлэлээр хөвөрч байлаа.

Улс төр яаж ч халуурсан байг, тус тойргийн 16000 сонгогч төрд төлөөлөлгүй хаягдаж, тэдний сонгох эрхийн асуудал дэндүү гомдолтой орхигдсон нь харамсалтай юм. Магадгүй энэ тойрог хоосон онгойсоор 2020 онтой золгохыг ч үгүйсгэх аргагүй.