Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг Б.Алтантулга амь насаа алдсан хэрэг нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан ангийн ахлагч М-ийг саатуулжээ.
Амь насаа алдсан Б.Алтантулгын ар гэрийнхэн "Эрүүл саруул хүүхэд цэрэгт явсан. Ямар нэгэн дарамт шахалт байсан байх. Зодуулсны улмаас амь насаа алдлаа" гэж үзэж байгаа мэдэгдээд байгаа юм. Болсон хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос хэвлэлийнхэн тайлбар авсан боловч тэрбээр "Одоогоор ямар нэгэн тодорхой мэдээлэл гараагүй байна. Энэ асуудлыг шалгаж байгаа. Өнөөдөр үдээс хойш албан ёсны мэдээлэл хийнэ" гэлээ.
Талийгаач Б.Алтантулга нь 19 настай, намар цэргийн албанд татагдан очжээ. Хэрэг гардаг өдөр алба хаагч Б.Алтантулга өглөөний гүйлтэндээ гүйж байгаад гэнэт бие нь муудаж бөөлжөөд удалгүй нас барсан байна.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.