Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж явсан 19 настай Б.Алтантулга харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Ар гэрийнхэн нь “Цэргийн ангид нь дарамталж зодсоноос болж амь насаа алдлаа” гэж үзэн гомдол гаргахаар болжээ. Б.Алтантулгын төрсөн ах нь хэвлэлд ярихдаа “Миний дүүг тэр өдөр зодсон байгаа юм. Шарх сорви нь биен дээр нь ил байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна” гэхэд нь баашиллаа гээд нүдэж. Казармд ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй унасан гэсэн. Тэгээд цагийн дараа эмч үзээд нас барчихсан байна гэсэн” гэжээ. Мөн "Камерын бичлэгийг харахад нэг цэрэг ар нуруугаар нь тэврэн түшиж орон дээр хэвтүүлж өгсөн байна лээ" хэмээн ярив. Үүнтэй зэрэгцэн “Гадны нөлөөгүй нас барсан” гэж цагдаагийн байгууллага дүгнэлтээ танилцууллаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Хэргийг ажлын хэсэг гарч шалгаж байгаа” гэхээс өөрийг хэлсэнгүй.
Ер нь гэж тодотгож байгаад хэлэхэд, Зүүнбаян дахь цэргийн ангид эр цэргүүд очоод амиа алдсан хэрэг олон гарч байсан. Тухайлбал, 2016 онд тус ангид алба хааж байсан Ж.Баярцогт нарын цэргүүдийг ангийн дэд ахлагч нь зодож, өвлийн шөнө хөл нүцгэн гадаа зогсоон гүйлгэж дэглэсэн байдаг. Дөрвөн цэргийг тэгж хөхөө өвлийн хүйтэнд цасан дээгүүр хөл нүцгэн гүйлгэснээс болж нэг нь хөлийн хуруунуудаа тайруулж байв. Эмнэлгийн тусламж авч чадаагүй Ж.Баярцогт насан турш эрэмдэг зэрэмдэг болж хохирч үлдсэн юм. Зэвсэгт хүчинд ангийн захирагч, ахлагч, “жаа” нарын дэглэлт дарамт ил, далд хэлбэрээр байдаг нь үнэн гэх. Тэр бүрий ил болдоггүй. Салбарын дээд удирдлагууд тас нуугаад өнгөрдөг. Энх цагт Монголын идэр сайхан залуусыг цэргийн хуаранд татаж аваачаад элдвээр тамлан, зодуурын ая даах нь уу гэсэн шиг үйлийг нь үздэг, яргалдаг байдал байж болох зүйл үү.
Цэргийн алба хаагчид дайн дажинд ороогүй атлаа зодуулж нас барах, байшин барилга дээр ажиллаж байгаад унаж амиа алдах, гол усанд живэх, буудуулж нас барах гэхчилэн байдаг л нэг хэрэг, гарч л байдаг зүйл мэтээр нийгэмд хүрдэг болчихвол маш харамсалтай. Цэргүүдийг албадан ажилд дайчилдаг, нэг талаар тэдний хөдөлмөрийг мөлждөг байдал ил болж л байсан. Ангийн захирагч нь цэргүүдээрээ дөрвөн сар хувийнхаа ажлыг хийлгэчихсэн тохиолдол дуулдаад өнгөрсөн. Зэвсэгт хүчний тухай хууль дээр “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалт байдаг юм билээ. Үүнийг эргэж харах ёстой юу. Энэ мэт олон асуудлыг зэвсэгт хүчний салбарт ярих, хөндөх цаг нь болсон гэдгийг өнөөдрийн хэрэг харуулж байна.
Эр цэргүүд эх орноо хамгаалахаас өмнө бусдын гарт үрэгддэг, золгүйгээр амиа алддаг ийм байдал “Гарч л байдаг хэрэг” болчихвол армид очиж алба хаах залуус гарахгүй болов уу.