Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаарх Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал Их хурлаар шийдэгдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Өнөө өглөө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Яаралтай горимоор хэлэлцэнэ гэдэг нь УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж яаралтай горимоор хэлэлцэх журамд оруулдаг захирамж гарч байж энэ асуудал шийдэгдэх ёстой. Өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргана. Энэ асуудлыг өргөн барихтай холбогдож би, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай саналаа солилцсон. Өнөөдрөөс хойш хамгийн наад талдаа чуулган хийх бололцоотой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гаригийн 29-ний өдөр байгаа. Энэ өдөр 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 13:00 цагаас чуулганаар хэлэлцэж шийдвэр гарна. 29-ний өдөр энэ асуудлыг хэлэлцэх гэж байгаа тодорхой учир шалтгаан байна. Хууль хэдийгээр өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч гэсэн хуулийг хэрэглэх явдал Дэгийн тухай хуульд заагдсаны дагуу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр энэ хуулийг хэрэглэнэ гэсэн заалт бий. Тийм учраас УИХ-ын гарсан шийдвэрүүдийг хэвлэдэг “Төрийн мэдээлэл” сэтгүүл дөрөв дэх өдөр эхийг хэвлэхээр өгсөн. 28-ны даваа гаригт “Төрийн мэдээлэл” сэтгүүл хэвлэгдэнэ. Тэгэхээр хуулийг хэрэглэх хугацаа 28-наас өдрөөс болж байгаа юм. Нөгөө талаас энэ асуудлыг хэлэлцэхэд энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, дөнгөж сая өргөн барьсан учраас энэ долоо хоногт шууд хэлэлцүүлэхэд Дэгийн хууль зөрчигдөх асуудал болно. Тийм учраас хуулийн дагуу 29-ний өдөр хэлэлцье гэсэн.
Би бол ямар нэгэн байдлаар энэ ажил албан тушаалтай зууралдаад байгаа зүйл байхгүй ээ. Хуулийн дагуу хуульд заагдсан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөх, огцроход болохгүй зүйл байхгүй гэдгийг хэлж байсан. Тийм учраас энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэж, удахгүй болох сар шинийн баярын өмнө шинэ Их хурлын дарга томилогдож, төрийн ёс жаягаа дагаж төрийн удирдлагууд олон түмэнтэйгээ золгож, мэндээ мэдэлцэх нь зөв байх аа. Тийм учраас дараагийн Их хурлын дарга томилогдох гурав дөрөв хоногийн хугацааг бодолцож, яг хуваарийн дагуу пүрэв гаригт чуулган хуралдах ёстой байсныг нааш нь хоёр хоногоор татан захирамж гаргаж, энэ асуудлыг шийдье гэсэн бодолтой байгаа.