Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан тухай мэдээлэл ирсэн
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн хэсгээс дор сийрүүлье.
Т.Аюурсайхан: УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтын дагуу Их хурлын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан. 39 гишүүн гарын үсэг зурсан байгаа. УИХ-ын гишүүдийн олонх Их хурлын даргыг чөлөөлөх асуудлыг тавибал нэн яаралтай горимоор хэлэлцэнэ гэсэн дэгийг бид баталсан. Ингэж заасны дагуу нэн яаралтай журмаар хэлэлцэх ёстой асуудлыг УИХ-ын дарга бусад хэлэлцэх асуудал түүний товд өөрчлөлт оруулж захирамжаа гаргана гэж заасан. Өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт хэлэлцэгдэх ийм Дэгийн хуулийг баталсан. Өнөөдрөөс хэрэгжиж байгаа. Гэтэл “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэх ёстой гэсэн үндэслэлийг гаргаж байна. Тэгвэл нэгхэн хуудас өөрчлөлтийг нэн даруй нэг цагийн дотор хэвлээд гаргах боломжтой. Хуульд захирагдан ажиллах үүрэгтэй.
Л.Оюун-Эрдэнэ: Би бол итгэхгүй байна. Юу ч болж магадгүй. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Өнөөдөр хэлэлцэх эрхзүйн бүрэн боломжтой. Энэ бүхний цаана юу байгааг хардах үндэслэлтэй. Бид нарт иргэдээс маш их мэдээлэл ирж байгаа. Ихэнх нь баялагтай холбоотой, авлигатай холбоотой. Удахгүй бид нийтийн сонсгол хийж задална.
Өнөөдөр бид нар нэг материалыг задалж байна. Энэ бол “Монголын зэс” корпораци хувь эзэмшигчдийн шийдвэр гаргаж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдахаар шийдвэр гаргасан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Энэ бичиг нэр хаяггүй ирсэн. Хэрвээ энэ үнэн бол МАНАН бүлэглэл маш бодитой орд газруудын эргэн тойронд байна гэдэг нь тодорхой болж байгаа юм. Тэгэхээр бидэнд хардах үндэслэл байна. Яагаад нөхцөл байдал сунжраад байна вэ. Цагаан сар, сонгуулийн өдөр ч юмуу, наадмын амралтын өдөр ч юмуу, эсвэл шөнө хураалдаж дандаа ийм нууц асуудлыг шийддэг байдал Монголд болж ирсэн. Ард түмэн хэрэггүй, газар нутаг хэрэггүй, зөвхөн баялаг нь хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ бичиг дээрх үнэн бол олон нийт үүнийг анхааралдаа авах ёстой. УИХ-ын чуулганаар орохгүйгээр стратегийн орд газрыг Оросоос авсан. Төрийн мөнгө орсон гэсэн мэдээлэл ч байдаг. Гэтэл дахиад Сингапурт худалдаж байна. Цаана нь ямар эзэн байгаа нь огт мэдэгдэхгүй байгаа юм. Таван толгойг бас УИХ-аар оруулахгүйгээр “Шинхуа”-д өгөх гэж байсныг мэднэ. Тэгэхээр ийм байвал Монгол Улс цаашид баялгаа ашиглаж хөгжих тухай ярихад туйлын хүнд. Тиймээс бид баялгийг тойрсон улс төрчид хууль хяналтын байгууллагын бүлэглэл байна гэдгийг задлаад байгаа юм.
Өнөөдөр бидний таван гишүүн Хууль зүйн сайд, Ерөнхий сайд нарт асуулт тавина. Асуултынхаа хариуг та бүхэнд дуулгана.