Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид амь насаа алдсан Б.Алтантулгын ар гэрийнхний өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Талийгаачийн өмгөөлөгч нар ярихдаа “Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид гарсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас буруу ташаа мэдээлэл өгч байгаа учраас өмгөөлөгч нарын зүгээс өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид хэргийн жинхэнэ бодит нөхцөл байдлыг мэдээлье гэж үзлээ. Хуульд зааснаар ЦЕГ-аас хянан шалгах ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал мэтээр ЦЕГ-аас талийгаач нас бараад нэгхэн хонож байхад нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байна. Тус цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж байсан тохиолдол нэг бус удаа гарч байсан. Энэ удаа талийгаач Б.Алтантулгыг өөрөө гүйж байгаад бахардаж унаад нас барсан гэж ярьж байгаа. Гэтэл гүйлтэнд явж байгаа цэргийн ангийн удирдлагууд гүйж чадахгүй байна гээд бахардаад унахаар нь дээрээс нь дэвсээд өшиглөөд харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилдэг. Цэргийн ангийн камерын бичлэгт байгаагаар тэнхээгүй болтол нь зодоод гүйлгэсний дараа хувцсаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирч аваачаад орон дээр тавьсан байдаг. Нэг цагийн дараа цэргийн ангийн эмч ирээд үзлэг хийхэд нас барсан байдалтай байсан гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Талийгаач 19 настай, ямар нэгэн суурь өвчингүй. Шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэсэн хуулийн заалт байхгүй. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч хуульд байхгүй үндэслэлээр гадны нөлөөгүй нас барсан гэсэн нэг талыг барьсан мэдээллийг нийгэмд цацсан. Үүнд өмгөөлөгчдийн зүгээс их харамсаж байна. Цагдаагийн ажилтныг холбогдох газарт нь шалгуулахаар хандсан байгаа. Өнгөрсөн шөнө Эрдэнэт хотод очоод талийгаачийн цогцост үзлэг хийсэн. Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Хэргийн талаар болсон үйл явдалтай танилцсан. Очиход талийгаачийн нуруу хэсэгт нь үүссэн тэр толбо бол хүүрийн толбо биш. Гадны нөлөөтэй ийм толбо үүсэх боломжтой гэж үзсэн. Мөн хөлний шилбэний хэсэгт их хэмжээний хөхрөлт няцралттай, мөрний дээд хэсэгт гадны нөлөөтэй шарх сорвитой. Баруун гарт нь шалбарсан шарх байсан. Энийг цагдаагийн албаны ажилтан урьдчилсан дүгнэлт гарсан, гадны нөлөөгүй гээд хэрэг гараад нэгхэн хонож байхад тийм мэдэгдэл хийж байна” гэлээ.
Мөн түүнчлэн өмгөөлөгч нар үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж үзэж цэргийн ангийн холбогдох удирдлагуудыг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор А.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт хүсэлт гаргажээ.
Өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн нар нь 2016 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлд орж, өмгөөллийн товчоо ажиллуулж байгаа бөгөөд талийгаачийн том ах Б.Эрдэнэбатын хүсэлтээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна.