Зүүнбаян дахь цэргийн 336 дугаар алба хаагч Б.Алтантулга амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ. Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын яриаг дор сийрүүлэн хүргэе.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас ямар нэгэн хүний нэр ус хэлэх, процессыг тайлбарлах боломжгүй байна. Энэ хэрэг нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14:30- 16:00 цагийн хооронд болсон. Энэ цаг хугацаанд ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу тав, зургадугаар цагийн хичээл орж байх ийм цаг таарсан байгаа юм. Тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгээд буусан байгаа. Энэ үед ангийн ахлагч нар захирагчийн үүргийн дагуу салбарын байранд үзлэг хийсэн. Үзлэгээр эмх замбараагүй хадгалсан эд зүйлсүүд, гар утас зэрэг зүйлс олдсон байгаа. Ингээд салбарын захирагч эмх замбараагүй байна, дотоод журам зөрчиж гэж үзээд алба хаагчдад арга хэмжээ авах үүргийг өгсөн. Ангийн ахлагч цэргүүдийг авч гараад биеийн тамирын талбай дээр гүйлгэсэн. 17 цэргийн гүйлгэсэн. Гүйж байх явцад талийгаач биеийн байдал нь муудаад, дотор эвгүйрхэж байна, би гүйж чадахгүй нь гэж хэлсэн. Энэ үед салааны захирагч нар гүйж байсан үйл ажиллагааг зогсоосон. Ингээд цэргүүдийг байранд оруулсан. Оруулсны дараа талийгаач байлдагчийн бие дахин муудаж, оронд нь оруулж хэвтүүлсэн байгаа. Дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийсэн. Үүний дараа дараагийн хичээл орсон. Энд талийгаач таталт өгсөн. Ангийн эмчийг дуудсан. Эмч, сувилагч нар ирэхэд талийгаач ухаан алдсан, таталт өгсөн байсныг сувилагч эмчдээ илтгээд Зүүнбаянгийн багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гаргаад багийн эмнэлэг рүү явах замдаа нас барсан. Багийн эмч үзээд, нас барсан байна гэдгийг тогтоосон. Үүний дагуу Зүүнбаянгийн цагдаагийн хэсэгт мэдэгдсэн. Дорноговийн цагдаагийн газраас ажлын хэсэг дуудсан. Ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Манай зүгээс ар гэртэй нь холбоо тогтоож, ийм зүйл боллоо гэдгийг дуулгасан. Нэгдүгээр сарын 23-ны өглөө ар гэрийнхэн нь Зүүнбаянд очсон. Ар гэрийнхэн тэнд ажиллаж байсан хууль хяналтыын байгууллага, ангийн удирдлагатай уулзсан. Энэ хэргийг шалгах ажлын хэсгийг Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар байгуулж, өнгөрсөн хоёр хоногт Зүүнбаянд ажиллаад ирсэн байгаа. Ажлын хэсгийнхэн тэнд хэд хэдэн зөрчил дутагдал байжээ гэдгийг дүгнэсэн. Нэгд, ангийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул байсан байна. Ангийн ахлагч сахилгын дүрэм зөрчсөн байна. Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Одоо Дорноговь аймгийн мөрдөн шалгах, тагнуулын газрынхан хэргийн газар ажиллаж байгаа.
Харамсалтай хэрэг гарсанд ар гэрийнхэн, ах дүү, найз нөхдөд албан ёсоор эмгэнэл илэрхийлж байна. Зодсон тухай асуудлаар бол эмнэлгийн бүртгэл, эмчийн ил биений үзлэгээр бол ямар нэгэн шарх сорви байгаагүй гэсэн байсан. Гүйж байхад жагсаалын ахлагч баашиллаа гэж цохисон гэдэг нь хажууд байсан цэргүүдийн яриагаар нотлогдсон. Гэхдээ үхэлд хүргэх цохилт байсан уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Алба хаагч өмнө нь эмнэлэгт хэвтсэн нь үнэн. Үлд гараад эмнэлэгт хэвтсэн. Ээжийгээ ирж аваач гэж утсаар ярьсан асуудлыг бол хэлж мэдэхгүй байна. Олдсон утас нь талийгаачийн утас биш, Отгонбаяр гэдэг байлдагчийн утас байсан. Тэр дээр ямар нэгэн яриа, дугаар байхгүй байгаа.
Өлзийбаяр хурандааг өмнө нь албан тушаал бууруулж, хоёр жил шийтгээд, сахилгын шийтгэл арилсан гэж үзээд Зүүнбаян дахь цэргийн ангид томилсон нь үнэн. Тухайн үед ангийн удирдлагууд тэнд байсан. Ангийн захирагч хурандаа Өлзийбаярын хадам аав нь тархины цус харваад хагалгаанд орсон учраас Улаанбаатар хотод ирсэн байсан нь үнэн.
Сошиалаар яваад байгаа шиг яргалдаг, дэглэдэг гэсэн зүйл байхгүй ээ. Анги байгууллагын үйл ажиллагааг үзэж болно. Нээлттэй. Аль болох гаргуулахгүй байхын төлөө бүх шатандаа ярьдаг.