УИХ-ын гишүүд сар шинийн өмнө тойргийнхоо өндөр настнуудыг хүлээн авч, "хатсан боов, атга гурил, үмх чихэр”-ийг шагнал шиг гардуулах ажиллагаа ид үргэлжилж байна уу гэлтэй. Жилдээ нэг тойргоо эргэж, юухан хээхнээр ядуу ардаа "аргалчих" гэсэн гишүүдийн сар шинийн бэлэг энэ удаа бэлгэ ерөөлгүй явдлаар эхлэв.
Учир нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн сонгогчдоо хүлээн авч, УБ паласын их танхимд арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үеэр нь 83 настай буурал М олны хөлд гишгэгдэн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Эрхэм гишүүн олон нийтийн өмнө ил гарч, эл болсон явдалд эмгэнэл илэрхийлэн, уучлалт гуйгаагүй байна, одоогоор. Харин ч тэр арга хэмжээг зохион байгуулсан улсууд болсон явдлын талаар цааш нь битгий яриарай гэж ахмадуудад захисан гэх үг гадуур тархжээ.
Өнгөрсөн бямба гаригт Ж.Ганбаатар гишүүн заал дүүрэн ахмадуудыг удтал чилээж, лекц шахуу юм тавин 2 цаг гаруй болжээ. Энэ уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж, ахмад буурлуудад мэндчилгээ дэвшүүлэн улс орны эдийн засаг өсөж, дэвшин дээшилж байгаа тухай ч яриад амжсан гэнэ. Тэнд 3200 хүнд урилга тараасан боловч 4000 орчим ахмадууд цуглажээ. Ингээд Ж.Ганбаатар гишүүн гурван зуун мянган төгрөгөөс эхлэн нэг сая төгрөг хүртэл азтан шалгаруулж, Ерөнхий сайд түүнийг нь гардуулж өгсөн бололтой. Харин азтан болоогүй ахмадууддаа улаан тортой зүйлс бэлэглэжээ. Тэрэнд нь 2 кг гурил, 1 кг чихэр, 1 кг будаа байсан байна. Энэ бэлгийг нь авах гэсэн ахмадууд нэг нэгнийхээ урдуур орж, шавцгааснаас болж 53 настай хүүгээ дагаж очсон 83-тай азай буурал олны хөлд гишгэгджээ. Эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн боловч нэгэнт оройтжээ.
Эл болсон явдлын талаар албаны эх сурвалжаас лавлахад “83 настай ахмад хүн нас барсан гэх хэрэг бүртгэгдсэн байгаа” гэсэн юм.