Онгоцны цонхоор хийсэн нэг бичлэг цахим сүлжээнд нэлэнхүй тархсан. Улаанбаатарын дээгүүр утаа ботгирч, Алтан тэвшийн хөндийг нүүрсний утаа яаж залгиж байгааг тэндээс харж болно. Тэр ботгирсон хар утаан дороос цухуйх эрүүл уушгитай хүн, мал гарах нь уу гэмээр. Азийн цагаан дагина гэгдэж байсан Улаанбаатар яг сөнөж байгаа хот шиг. Арай ядан амьсгалж байх шиг харагдана.
Цахим сүлжээ хүчтэй болсон. Асуудлыг нийгмийн бүх түвшинд нэгэн зэрэг шуурхай хүргэж чаддаг болсон. Болохгүй бүтэхгүйг хөндөж чаддаг болсон. Гэсэн атлаа утааны эсрэг хэдэн мянган сэтгэгдэл бичээд, бухимдаад, төр засгаа шүүмжлээд ч нухацтай шийдвэр гаргуулж чаддаггүй нь нэн сонин. Төр засаг “утаагүй түлш, утаагүй зуух, яндангийн шүүлтүүр” зэрэгхнээр биднийгээ хуурсаар өвлийг давдаг. Хойтон дахиад хуурна даа гэсээр л утааны ард сугарч үлддэг биз ээ.
Дэлхийн улс орнуудын туршлагыг харсан ч тэр, одоо байгаа нөхцөлөө харсан ч тэр орон сууцжуулж утаанаас салах хамгийн төгөлдөр арга бий. Үүнийг хэрэгжүүлэхэд бодлогоо чиглүүлдэггүй, дэмий л аргал хомоол тойрч гүйсээр өнөөдөр байгаа нь энэ. Өнгөрсөн арав гаруй жилийн үлдээсэн ул мөрөөс харахад шууд утгаараа утаа бол эрх баригчдын бизнес, мөнгө угаадаг уурхай гэвэл ононо. Салбарын бодлогыг тодорхойлдог толгой яам нь “Агаарын бохирдлоос болж нийслэлчүүдийн 52 хувь нь амьсгалын замын өвчтэй байна. Хорт хийний нөлөөтэй зүрх судасны өвчнөөр нас барсан тоо өссөн. Утаанаас шууд салж чадахгүй. Урт хугацаанд үе шаттай ажил өрнүүлж байж утаанаас гарна. Одоогоор хамгийн боломжтой арга хэмжээ нь индүкцин төхөөрөмж нэвтрүүлэх.“ гэснээс илүү гарч чадсангүй. Үе үеийн Байгаль орчны сайдууд нэг иймэрхүү л чинээний юм хэлж суудаг хойно доо. Ямар сайндаа Н.Цэрэнбат сайд “Энэ өвөл утаа 50 хувь буурахгүй бол би хаиуцлагыг нь хүлээнэ” гэж хэнэггүй ам алдах вэ. Харамсалтай нь энэ өвөл утаа 50 хувь нэмэгдсэн үү гэхээс буураагүй.
Байгаль дэлхий эргэдэг юм хойно жамаараа хаврын урь ирж байна. Гадаа харьцангуй дулаарч, нар тогтдог боллоо. Ирж яваа цаг, сар хүрэхгүй гүрийчихвэл хавартай золгох нь. Ингээд утаагаа мартаж, хойтон жилийн өвөл иртэл чих нь амарна, манай төр засгийнхны. Өвөлжин “Утаа, утаа” гэсээр яг энэ хавар болох үед ард түмэн асуудлыг гараасаа алддаг юм.
Утаагүй түлш үйлдвэрлэгчид 2020 он гэхэд агаарын бохирдлыг 50 хувь бууруулна, хотын айл өрхийн 80 хувь нь утаа үйлдвэрлэж байна, зуухжуулна гэх мэтчилэнгийн яриа үнэндээ хөөс л юм. Нийгмийн баялгийг зүгээр л үргүй цацан тарааж байгаа хэлбэр. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд утаатай тэмцэхээр нэг их наяд төгрөгийг зарсан гэсэн дүн гарсан. Гадны төсөл хөтөлбөр, ногоон хөгжлийн дэмжлэг гэх мэтээр асар их мөнгийг “утаа”-гаар угаасан гэсэн үг. Тэр жил ямаанд мөнгөө олгодог шиг зууханд мөнгө олгож, 100 мянган утаагүй зуух үйлдвэрлэж, нийслэлийн гэр хороололд тараах бодлого гаргачихаад л сууж байгаа, бид. Мөнгөгүйдээ утаа арилаагүй юм биш байж. Бодлогогүйдээ, сэтгэлгүйдээ утааг арилгаагүй юм байна. Төрийн дээр гарсан улс төрчдийн шунаг нь дэндсэндээ утааг улам бүр уугиулж байж гэдэг нь өдөр ирэх бүрд ил болсоор л...