АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилжээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгогчоос өөрийн сонгосон УИХ-ын гишүүндээ итгэл алдарсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг олгох, хуульзүйн боломжийг нээх ажээ.
УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах таван үндэслэлийг тусгахдаа гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хоёрт гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан, гуравт Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан, дөрөвт гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, тавдугаарт гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан тохиолдолд эгүүлэн татах боломжтой гэж тусгажээ.
Сонгогчдын гарын үсгээр баталгаажуулсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна. Сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг заавал чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авах шаардлагагүй ажээ.