Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд өнгөрсөн 6 жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүнээс 130 гаруй тэрбум төгрөг нь 2010-2015 оны хооронд буюу өнөөдрийн МАН эрх баригч байхдаа эхлүүлж, АН үргэлжлүүлсэн ажилд үрэгдээд дуусжээ. Тодруулбал энэ мөнгөөр хоёр намын эрхтэн дархтан нар зөвхөн Утаагүй зуух, Утаагүй түлш гэж шоудаад хэдэн тийшээ хувааж халаасандаа хийчихсэн гэхэд болно. Нийслэлийн хэмжээнд 180 орчим мянган өрхөд Утаагүй зуух гэдгийг 75 хүртэл хувиар хөнгөлж тэр хэмжээний мөнгийг Мянганы сорилтын сан болон улсын төсвөөс барагдуулсан билээ. Гэтэл өнөөдөр өнөөх зуухыг нь 90 хүрэхгүй мянган өрх л ашиглаж байна. Үлдсэн нь хэрэглэгчийнхээ итгэлийг даасангүй. Эсвэл хэрэглэгч угаасаа тийм зуухаар хэдэн өвөл дулаан өвөлжихгүй гэдгээ мэдэж байжээ. Иймээс өөр тийш нь гулсуулчихсан байна. За нөгөөх утаагүй түлш гэдэг нь бол үлгэрт л ийм домог байдаг байх гэгчээр сураг нь алдарч суудал нь өнцөгдчихсөн. Ийм л гажуудлыг энэ эрх баригч нар дахин давтах гээд суурь ажлаа хийж хундаамаа аятайхан цутгаад эхэлчихлээ.
Цахилгаан 0 болсны цаад мөн чанар хэний шахааны бизнес вэ?
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний хэрэглээг 0 болгоно гэж Ерөнхий сайд сүржин мэдэгдсэн. Уг мэдэгдэлд хамрагдах боломжтой 146 мянган өрх нь өдөр шөнийг тоолууртай. Сайн хэрэг. Харин араас нь албаныхан нь үнэгүй гээд хязгааргүй байж болохгүй. Үүнээс гарах эрсдэл. Иймд өрхийн хэрэглээний хязгаарыг тогтоож өгсөн гэв. За энэ ч яахав. Байх ёстой асуудал. Үүнийг хэн ч гэсэн ойлгож, бас хүлээн авч суугаа. Гэтэл....
Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хорооныхон нэг зүйлийг тоть шиг давтаад эхэллээ. Энэ бол цахилгаанаар дулаан гаргах. Тодруулбал айл бүр тенн, цахилгаан халаагуур худалдан авахыг уриалах болов. Үүний цаана хэний бизнес хэрхэн явагдах гэж байгаа нь маш сонин.
Тухайлбал энэ төхөөрөмж л гэхэд 2,400,000 төгрөг. Гэр хороололд эрчим хүчний төлбөрөө ч 100% асуудалгүй төлчихдөг айл тун цөөхөн. Тэгэхээр ийм үнэтэй цахилгаан халаагуурыг тэд яаж авах вэ? Бас л өмнөх шигээ луйварыг МАН-ынхан эхлүүлэх гэж байна. Тэд 2010 онд Утаагүй зуух нэрээр яг ийм л луйвар эхлүүлж байсан. Түүнийг нь АН мөлжиж ясыг нь цайлгачихсан билээ. Харин шинэ мал гаргах нь МАН-ын ажил бололтой. Тэдний хувилбар цахилгаан халаагуур. Мэдээж хөнгөлөлт үзүүлнэ. Тэр нь улсын төсвөөс гарна. Ингэж л утаагаар мөнгө үйлдвэрлэж, улсад хохирол, иргэдэд мөстэй чихэр долоолгон хэдхэн хүн халаасаа түнтийлгэж байна. Ингэх гэж л энэ хүмүүс Утаатай тэмцсэн дүр эсгэж угтаа таван цаасны төлөө та бидний тархийг угааж, таны эрүүл мэндийг золигт гаргаж сууна.