УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Шударга үнэний туйл болсон Ц.Нямдорж сайд огцрох ёстой. Та бол МАНАН-гийн том төлөөлөл шүү. Өнөөдрийн УИХ-д сууж байгаа МАН-ын 65 гишүүн М.Энхболд таны өөрийн нэр дэвшүүлсэн хүмүүс биз дээ. Та энэ гишүүдээсээ төлбөр авч 60 тэрбумын схемийг яг хэрэгжүүлсэн юмуу" гэж асуусан юм. М.Энхболдын зүгээс уг асуултад дараахь хариултыг өгөв.
М.Энхболд: Энэ УИХ-ын танхимд сууж байгаа 64 хүн бол миний гарын үсэг зурж, УИХ-д нэр дэвшүүлсэн хүмүүс. Ямар нэгэн байдлаар хөрөнгө санхүүгийн асуудал хараагүй ээ, орон нутаг дахь нэр хүнд нь ямар байгааг тодорхой судалгаан дээр үндэслэж, туршлага, дадлагыг нь харж байгаад нэр дэвшүүлсэн.