Ж.МӨНХБАТ: Дараагийн УИХ-ын даргыг МАНАН дунд байгаагүй хүнээр томилох ёстой шүү

Ж.МӨНХБАТ: Дараагийн УИХ-ын даргыг МАНАН дунд байгаагүй хүнээр томилох ёстой шүү

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Гишүүд үг хэлж, хуралдаан үргэлжилж байна. Энд заримыг нь онцолъё.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: Зун, намаржин хэрүүл тэмцэл болж болж, нэг хүн ажлаа өгөөд энэ асуудал дуусах болов уу. Одоо эрх барьж байгаа МАН ард түмнийхээ өмнө амласан амлалтаа хэрэгжүүлж, төрийн ажлаа хийх цаг болсон. 2016 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх цаг болсон. Хэл ам, хэрүүл, зодоон тэмцлээ зогсоох цаг болсон. "60 тэрбум"-ын асуудлыг ярьж ярьж, М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас нь огцруулж байна. Яг үнэндээ энэ схемтэй танилцсан, ярьсан хүн олон байгаа байх. Өнөөдөр төр барьж байгаа хүмүүс тэр схемээр явж байгаа гэсэн үг. Цаашдаа энэ 60 тэрбумын яриаг бодож ярих хэрэгтэй. Хэрвээ энэ схем байгаа нь үнэн гэж бодож байгаа бол энд буй МАН-ын 64 гишүүн, төрийн албаны бүх хүн хамсаатан болно. МАНАН, хонгил гээд яриад байгаа. Олон удаа сайд хийсэн хүмүүс бүгд жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт байсан. Насаараа парламентад суусан гээд байгаа хүмүүс бүгдээрээ энэ МАНАН-гийн сайд хийж байсан шүү. Тэгэхээр одоо дараагийн УИХ-ын даргыг МАНАН дунд байгаагүй хүнээр томилох ёстой шүү. Ажил албан тушаалын сургаар МАНАН дундаас хүмүүс гүйлдээд байвал хатуу хэлнэ шүү. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд шударга бус юм газар аваад байсан юм бол тухайн үед нь таслан зогсоохгүй яасан юм бэ гэдгийг ард түмэн нэхэж байгаа. Буруу жишигтэй хууль гаргалаа. Монгол төрийн амин чанар, төрийн босгыг багасгасан ийм зүйл хийхээ болих хэрэгтэй.