Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь гишүүдийн олонхийн саналаар чөлөөлсөнөөс хойш дараагийн спикер хэн вэ? гэсэн асуулт олон нийтийн дунд хөвөрсөн билээ. УИХ-ын даргад 11 хүний нэр яригдаж байгаа тухай бор шувуу төрийн ордонд нисч байв.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын даргад горилогч нартай ганцаарчилсан уулзалтыг ээлж дараалан хийсэн гэх мэдээлэл дуулдаж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд 1960-аад оныхон энэ удаад хойшоо суу гэх чиглэлийг УИХ-ын ахмад гишүүдэд өгчээ. Харин түүний энэхүү үг нь УИХ-д олон удаа сонгогдсон ахмад гишүүдэд таалагдсангүй. Харин ч эгдүүцэж, өөрийгөө УИХ-ын дарга болж болно гэх хийрхлийг авчирсан байна.
Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын хувьд УИХ-ын дарга болохоор чамгүй хөөцөлджээ. Гэвч намын дарга У.Хүрэлсүхийн өмнө ирээд бүдэрсэн гэнэ.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд дээрх эрхмүүдээс хэнийг нь УИХ-ын даргад нэр дэвшүүлэхгүй гэсэн хатуу байр суурийг илэрхийлж байжээ.
У.Хүрэлсүхийн хувьд 1970-аад оны төлөөлөл болох Ж.Энхбаяр, Г.Занданшатар, С.Бямбацогт нараас сонголт хийсэн байна. Тэр дундаа Ж.Энхбаяр, Г.Занданшатар нарын хооронд гол өрсөлдөөнийг явуулж, эцсийн шийдвэрийг гаргасан байна.
УИХ-ын даргад Ж.Энхбаярыг зүтгүүлэх гэж У.Хүрэлсүх 2 ч удаа гишүүнтэй ганцаарчилсан уулзалтыг хийсэн байна. Ж.Энхбаярын хувьд хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан. Үүнийг нь эсэргүүцэж, иргэдийн дунд ретинг нь унаад байгаа улс төрч билээ. Иймээс энэ удаад Ж.Энхбаярыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх нь У.Хүрэлсүх өөрийгөө хорлосон хэрэг болно. Иймд нэрийг нь дэвшүүлэхээс татгалзжээ.
Эцсийн мөчид өөрийн итгэл хүн, мөн өнгөрсөн жил гаруй хугацаанд гал тогоог нь хариуцсан Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгох шийдвэрийг гаргаж МАН-ын удирдах зөвлөлд танилцуулжээ.
МАН-ын удирдах зөвлөлийн хуралд У.Хүрэлсүх даргын хувьд Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн ч 2 хүн нэмж өрсөлдсөн байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр өөрсдийнхөө нэрийг дэвшүүлжээ. Гэвч МАН-ын удирдах зөвлөлийн олонх нь намын даргынхаа нэр дэвшүүлсэн Г. Занданшатарыг дэмжээ.
Ингээд МАН-ын бүлэгт удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах юм. Хэрэв УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжих юм бол чуулганы нэгдсэн хуралдаанаар томилох учиртай.
Маргааш намын бүлэг, байнгын хороо, чуулганаар УИХ-ын даргыг томилж, бямба гарагт УИХ-ын намрын чуулганы хаалтыг шинэ УИХ-ын дарга хаана гэсэн хүлээлт төрийн ордонд үүсээд байна.