УИХ-ын даргаар Гомбожавын Занданшатар томилогдох нь ээ. Ерөнхий хана бол гарчихлаа. Гэвч, тэрбээр монголчуудын хүсэн хүлээж байсан УИХ-ын дарга яавч биш байлаа. Монголчууд ийм Их хурлын даргатай болох гэж идэр есийн хүйтэнд тэмцэл хийгээгүй юм шүү гэдгээ цахим сүлжээгээр илэрхийлж эхэлжээ. “Ийм хүнийг дарга болгох гэж 40 хоног тэмцсэн юмуу”, “Гурвын гурван гахайтай боллоо”, ”Занданшатар УИХ-ын дарга болбол бид гадаадын хөрөнгө оруулагчдадаа юу гэж хэлнээ” гэхчилэнгээр шахаж эхэлсэн байна.
Монголын парламентын засаглалын түүхэнд УИХ-ын даргаа хуулийн хугацаанаас нь өмнө буулгасан хоёрхон тохиолдол гарсан байдаг. Нэг нь шударга ёсны туйл болсон Ц.Нямдорж гуайг хууль зассан гэж огцруулж байв. Нөгөө нь М.Энхболд. Хэдхэн өдрийн өмнө хуулийн үндэслэлээр ажлаа өгөөд байж байна. Түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас нь буулгах гэж монголчууд хөхөө өвлийн хүйтэнд гадаа хонож, өлсгөлөн зарлаж, өрөөнөөс нь чирээд гаргана гэж ордон руу дайрч, төв талбайдаа цагаан хоолойгоор орилсоор өдрийг өнгөрөөж байлаа. Өнгөцхөн харахад, нээрээ л нэг тамтагаа алдсан мангасыг буулгаж, шударга ёсыг тогтоох гэж байгаа мэт ойлгогдсон юм. Жинхэнэ шударга ёсны илэрхийлэл болсон дөрөв дэх засаглал хүртэл зөвхөн “Энхболдыг унагах” асуудлыг хэдэн талаас нь бичиж, нэвтрүүлсэн гээд бод. Дөч гаруй хоног Монголын амьдрал үндсэндээ зогслоо шүү дээ. Шударга ёсыг тогтооно, МАНАН бүлэглэлийг устгана гэх мэтийн гоё үгээр ард түмэндээ хайр зарлаж ирээд л Их хурлын даргаа буулгасан ч түүний ор гарсан суудалд залрах гэж байгаа Г.Занданшатар нь парламентын засаглалын нэр хүндийг “долоо дордуулахаар” хүн юм байж.
Учир нь Г.Занданшатар 2012 онд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөж гаргасан өнөөх алдарт хуулиа батлуулж байсан юм. “Занданшатарын хууль” нэр алдаршсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” гээчийг батлуулж, Монголын сэргэж явсан эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн хүн. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан үе. Харамсалтай нь, Занданшатарын уршгаар өнөөдрийн ханш уналт, ажилгүйдэл, ядуурал эхэлсэн юм. Саяхан гэхэд, Салхитын мөнгөний ордыг төрд авах ажлыг гардан зохион байгуулж, Монголын тусгай албыг туслах шигээ дагуулж очоод төрийн нэрээр “дээрэм” хийсэн этгээд шүү дээ.
Үнэндээ өнөөдөр Монголын төрийн эрх мэдэл Баянхонгорынхонд шилжлээ гэхэд багадахааргүй үйл явдал болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хараа гаргаж, УИХ-ын даргыг огцруулах ажлыг далдаас удирдсан ч Баянхонгор нутгийнхаа хүнийг крандаж байгаад УИХ-ын дарга болгоно гэдэг бол ямар амин хувийн эрх ашигтайгаа харуулж байгаа бус уу. Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгорынх, УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорынх. Энэ хоёр хүн дээр нэмээд Х.Баттулгын “хамсаатан” У.Хүрэлсүх нарт Монголын төрийн эрх мэдэл шилжих гээд байгааг юу гэж тайлбарлалтай билээ.
Шударга ёсны манлай болсон Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарын таван гишүүн ханз авч, нам дамжсан улс төрийн бүлэглэлийг устгана гэж ил тод зарласан ч шинээр нам дамсан улс төрийн бүлэглэлийг төрүүлж байгаа нь энэ үү. Нэг жалга довныхон хуйвалдаж байгаад Монголын төрийн эрх мэдлийг гартаа авав уу? Нэг МАНАН-г унагаж, дараагийн шинэ МАНАН гарч ирж байгаа нь энэ үү? Энэ асуултууд нийгмийн олон нийтийн дунд хариулах эзэнгүй тэнэж явна.