Ихэс ноёдын зодоон зогсч, эрх мэдлээ хуваан авлаа

Ихэс ноёдын зодоон зогсч, эрх мэдлээ хуваан авлаа

Эрх баригч МАН-ынхан хоорондоо хагаралдаж, цусгүй тулаан хийсээр сая нэг амсхийж зогслоо. Энэ хагарал үнэндээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах кампанит ажлаас эхэлсэн байдаг. У.Хүрэлсүх өөрөө Шадар сайдаар нь томилогдож, галын шугамд нь зүтгэж явсан атлаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хавсайдаж унагасан. Гадна талаас УИХ дахь намынхаа бүлгийг хагалан 33, 32-оор нь талцуулж байгаад Ерөнхий сайдын өндөр сэнтийд заларч чадсан юм. Чухам, тэр цагаас хойш МАН-ынхан орондоо орох завгүй олзлон булаалдаж байна. АН-ынхан тэднийг дагаж хошуурлаа. Орших уу, хуваагдах уу дээрээ тулж үзлээ. Өөрөө кнопгүй У.Хүрэлсүх давхар дээлтэй сайдуудаар танхимаа бүрдүүлж аваад, Засгийн газраа алдсан М.Энхболдын талыг нэгмөсөн хөнтрөх төлөвлөгөөндөө хүч тавин зүтгэсэн сэн. М.Энхболдоос хотын суудлыг нь мөн ч хөнгөхөн авч харагдсан шүү. Ганцхан бичиг шидээд хотын дарга Су.Батболдыг явуулж дөнгөнө лээ. Байтлаа бүр УИХ-ын дарга М.Энхболдыгоо ч барьцгүй зогсож байгаад хавирчих шиг боллоо. Улс төрийн уран шаглаа ухаан сийлж сурчээ, тэр.

Өнөөдөр У.Хүрэлсүхийн талынхан ялалтын баяраа тэмдэглэж, олз омгоо хувааж, хэн юу хүртэхээ шийдлээ. Сайдын сэнтийг чихэр шиг тараав. Төлөвлөгөөг нь гүйцэлдүүлсэн анд нөхдөө албан тушаал, эрх мэдлээр шагналаа. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайд, Ё.Баатарбилэг БСШУС-ын сайд боллоо. Ажил, ард түмний амьдрал ярихаар ирдэггүй өнөөх гишүүд сандал суудал хуваах болохоор яаж шавдгийг нь бид үзэв. Зулгуй үгийг хөвөн шиг зулж нэгнээ дөвийлгөсөн нялуун нясуунаар хахаж байна билээ. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйхэн шиг цаана нь үлдэгсдээ бас хоосон хоцроохгүй биз. Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд “М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгах нь Шударга ёсны төлөөх тэмцэл юм шүү” гэж хэлээд байсан ч үнэн зураг төрх нь ингэж л харагдлаа.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын энэ ялалт ба ард түмний хөлс нулимс хоорондоо хар, цагаан хоёр шиг өөр юм даа. Утаа ботгирч, ханиад томуу тархсан өвлийн 40 хоногт ард түмний амьдрал үнэндээ хий эргэлээ шүү дээ. Тэтгэврийн мөнгөндөө оочерлож байгаад амиа алдаж байна. 2кг гурилын төлөө явж байгаад амиа алдаж байна. Тэгэхэд Засгийн газар сар шинэ тулгаж НӨАТ-ын мөнгийг төрийн хайр хишиг тарааж байгаа мэт өглөө. Ядуу олон түмэн хөөрхий хоёр өдөр талхтай өнжлөө. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засаг өслөө гэж зарлаад байдаг юм. Улс төрийн зорилгоор тийм юм хэлдэг байх. Тэгснээс иргэдийн гар дээр бэлэн мөнгө алга. Нэг нэгээсээ мөнгө зээлсэн, өрийн сүлжээнд орсон улсууд НӨАТ-ын 2%-д нь л баярлах шахлаа шүү дээ.

Нийгмийн дундаж давхаргыг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспорт нэмэх ЖДҮХС-ийн мөнгийг сайд нар нь хуйвалдаж идсэн нь баримтаар ил болчихоод байхад Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр ЖДҮ-гийн асуудал бол төрд сайн жишиг тогтоох биз, цаашдаа ийм асуудал гарахгүй гэж хээвнэг хэлж байх. ЖДҮ-чин сайд нар нь цод цод гээд дуу орчихсон, өөрсдийгөө өмгөөлж суух.

Ингэж л ихэс ноёдынхоо зодооныг өвөлжин үзэж суусаар билгийн улирлын хаврын тэргүүн сартай золголоо, монголчууд. Муу цагт ноёд ноход шиг уралцдаг юм байна. Монгол төрийн ноён нурууг энэ хавар дахин яаж хазайлгаж оролдохыг үнэндээ таашгүй юмаа.