Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргасан юм. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон сонгогдож буй бол нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэн томилсон байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн, нууцаар санал хурааж, олонхийн санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.
Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч юм байна. Тэрбээр ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн, аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.
Тэрбээр ажлаа аваад, "Зөвд зөөлөн, бурууд хатуу, дутагдалтай эвлэрэхгүй" гэдгээ илэрхийлжээ.